Нийгэмд үүсээд буй шударга бус нөхцөл байдалд залуус бухимдлаа илэрхийлэн төв талбайд өчигдөр (2023.10.05) цуглаан зохион байгуулсан юм. Тэд “Засгийн газар ЗАЙЛ” хэмээн хашгирч, төрийн ордныг тойрон гороолсон. Тэдгээрийн төлөөлөл дараах байр суурийг илэрхийлснийг хүргэж байна.

“Бяцхан охиныг улс төрийн золиос болгоогүй байгаасай гэж хүсэж байна”

Иргэн Г.Ирээдүй (IZ): Засгийн газарт залуус дүнгээ тавьж байна. Муу, хамгийн муу. Би бизнес эрхлэгч хүн. Ажилд шинэ хүн авахдаа эхлээд гурван сар харж үздэг, шалгадаг. Тэгээд тэр хугацаанд хангалттай биш байвал нэг удаа боломж олгодог юм. Гэтэл Засгийн газарт бид хангалттай олон боломж олголоо. Одоо бол болсон. Арилах хэрэгтэй, бүгдээрээ. Энэ 76 хүнийг бүх хүний нэрийг, царайг цээжиллээ шүү дээ. Өөр чадалтай, мэдлэгтэй өчнөөн хүн бий. Тэднийгээ гаргаасай гэж хүсэж байна. 

Асуудлаар асуудлыг дарчих вий гэх хардлага бас байна. Гэхдээ тэр бяцхан охиныг улс төрийн золиос болгоогүй байгаасай гэж хүсэж байна. Одоо болтол яасан эсэх нь тодорхой болсонгүй. Хэдэн сэтгүүлч нь цагдаагаасаа илүү мэдээлэл иргэдэд тарааж байна. Энэ улсад нууц гэж, хариуцлага гэж байна уу, ер нь. Надаас тэнэг хүн намайг удирдаж, миний өмнөөс шийдвэр гаргаад байгаа нь тэнэг санагдаж байна. 

“Гэмт хэргийг байнга цахимаар цацах ёсгүй шүү дээ. Нийгмийн сэтгэлзүйгээ эрүүлжүүлэх хэрэгтэй байна”

Иргэн О.Отгонтөгс: -Монголд хамгийн их гай болж байгаа хүмүүс нь энэ ордонд сууж байгаа хүмүүс шүү дээ. Яагаад ховхорч, холдож чадахгүй байгаа юм бэ гэхээр албан тушаалдаа шуначихсан байна. Дээрээс нь гэмт хэргээр цахим орчныг угааж байна. Мөрдөн байцаалтын нууц нь хаашаа хэн рүү  задарсныг би мэдэхгүй байна. Гэхдээ манай улс чинь хуультай орон биз дээ. Хуульгүй юм шиг л шуугидаг болсон.

Ойрын хугацаанд хүүхэд алга болсон хэрэг ганц гараагүй байхгүй юу. Уучлаарай яг бодитоор ярихад гэмт хэрэг байнга гарж байдаг. Огт гардаггүй улс биш. Харин тэр гэмт хэргийг байнга цахимаар цацах ёсгүй шүү дээ. Нийгмийн сэтгэлзүйгээ эрүүл болгох хэрэгтэй байна. Охин эндэх юм уу, ямар нэг асуудал гарсан тохиолдолд төр өөрөө хариуцлага үүрэх хэрэгтэй. Хөшөө барьсны оронд камер барьж байсан бол ийм байдал үүсэхгүй байлаа. 

Иргэн Г.Баяртогтох: -Ард иргэд нь тэмцэж байж нийгмээ өөрчилдөг юм. Энэ авлигад идэгдсэн нийгмийн горыг бидний үр хүүхдүүд л үүрнэ. Өдөр болгон хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдэж байна. Үүний эсрэг бид дуу хоолойгоо нэгтгэх ёстой. Бид үр хүүхдийнхээ төлөө амьдардаг. Үр хүүхдийнхээ төлөө энэ нийгмийг өөрчлөхийг хүссэн бол та шаардах ёстой. Гучин гурван жил тогтолцоо нь буруу байсан учраас өнөөдрийг хүртэл гэмт хэрэг тасрахгүй явж ирсэн юм. Асуудал дээрээ нэгдэж байж л бид ядаж нэг зүйлийг өөрчилж чадна.

А.САЙХАН

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу