Эрх баригч МАН-ын долоон жил ужгирсан хөөс эхнээсээ хагарч эхэллээ. Дотоод асуудал нь савнаасаа хальж, Монголын зовлон болоход ойрхон байгаа юм. Өнгөн дээрээ эвтэй мэт харагдах ч өдрөөс өдөрт өндөг шиг эмзэг болж байгааг намынхан нь мэдэх болсоор удсан.

Нүүрсний хулгай тойрсон асуудал өдгөөгөөс яг нэг жилийн өмнө босч байлаа. Засгийн газрын тэргүүн танхим дотроо нүүрсний хулгайтай тэмцэхээ зарласнаас хойш яг нэг оныг үдлээ. Гэвч өнөөдөр бахь байдгаараа нүүрсний хулгайч нарын арга нь нарийссанаас хулгай зогссонгүй.

Нүүрсний хулгай дээр МАН-ыг талцуулж буй хүн нь “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг. Түүнийг ам нээхэд ардын намын тал нь аавынд морилох зурагтай гэлцэж буй. Араас нь түүнийг зоригжуулах хүн байгаа тул Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнээ улс төрийн хилс хэрэг өөрт нь тохох гэж байна гээд зарлачихсан.

Гадны сайтуудад ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайн гол зохион байгуулагч болох талаар нийтлэл гарсан. Гэсэн ч тэр өөрийгөө нүүрстэй ямар ч холбоогүй хэмээн мэлзэж байгаагаа Лхагва гарагт хэлсэн байдаг.

Үүнтэй зэрэгцэн Нийслэлийн Засаг даргын суудлын төлөөх марафон эхэлж “ногоон автобус”-ны гайг Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нар үүрч, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэднийг өргөдлөө өгөх шалтгааны ард Д.Амарбаясгалан байсан талаар намынхан нь ярьж буй.

Үүний араас Д.Амарбаясгаланг МАН-ын генсекээс зайлуулах улс төрийн тоглолт эхэлсэн. Ард нь мэдээж Л.Оюун-Эрдэнэ байгаа. Өнгөрсөн хугацаанд хангалттай дайсан өөртөө цуглуулсан тэрбээр ирэх сонгуулийн дараа албан тушаалаа дөрвөн жилээр үргэлжлүүлэхгүй бол эрх ашиг нь зөрчигдсөн хүмүүсийн илдэнд хамгийн түрүүнд өртөнө. Тиймээс Ерөнхий сайдын суудлын төлөөх марафоноос Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгаланг түлхэж унагах ажиллагаа амжилттай хэрэгжиж байна.

Хэл ам, хэрүүл тэмцэл багатай нэг зам нь намын нь Үндсэн дүрмийн хүрээнд Д.Амарбаясгалан ажлаа өгөх явдал. МАН-ын одоогийн дүрмээр Ерөнхий нарийн бичгийн дарга нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар давхар ажиллах боломжгүй.

МАН-ын “Үндсэн хууль” гэгддэг намын Үндсэн дүрмийн 29.2-т “Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно” гэж заасан нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Үүнийг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын хэн хэн нь хамгийн сайн мэдэж байгаа юм. Тиймээс намын Үндсэн дүрмийн хүрээнд тэр ажлаа өгөх учиртай. Ийм шахаа Д.Амарбаясгаланд удахгүй очно.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газар шударга ёс, ёс зүйн зарчим тогтоохоор ажиллаж байна” хэмээн хэд хэдэн удаа мэдэгдсэн. Мөн тэрбээр “Шударга бус зүйлтэй эвлэрэхгүй” гэдгээ зарласан. Генсекийн суудлаас, ЗГХЭГ-ын байр суурь аль алинаас нь тэр шударга байцгаая л гээд байгаа бараг цор ганц хүн.

Ард түмэн үнэхээр шударга ёс тогтоох гэж байгаа юм байна гэсэн итгэл үнэмшилтэй болсон. Тиймээс намынхаа Үндсэн дүрмийг ягштал баримтлан, Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа өгөөд, ЗГХЭГ-ын даргаа хийх хэрэгтэй.

Дээр нь нэмэгдээд нүүрстэй нэр холбогдсон тул түүнийг тоглолтын гадна шахна. Шахагдахаас өөр сонголт үлдээгүй. Намынхаа олон хүнийг шахаж гаргасан тэрбээр энэ удаа өөрөө тэр шахаандаа орох нь гарцаагүй болж байна.

Ерөнхий сайдын хамгийн итгэлт хүн гэгдэх Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан нарын тэмцэл эртнээс эхтэй. Тэгэхэд генсек нь Нийслэлийн МАН-ын бүлгийн дарга, Х.Нямбаатар НИТХ-ын төлөөлөгч байсан. НАМЗХ-ны тэргүүн Н.Номтойбаяр Х.Нямбаатарыг Дэд тэргүүнээр сонгосноор тэмцэл эхэлсэн байдаг.

Д.Амарбаясгалан өөр хүн тавих бодолтой байсан ч санасандаа хүрээгүй тул өс зангидаж үлдсэн байдаг. Улс төр гэдэг ийм л аюултай. 10 жил хэдийнэ өнгөрчихөөд байхад тэр өс хонзон хүрээгээ тэлсэн үү гэхээс хумигдаагүй. Эцэст нь энэ улсын шударга ёс, нүүрсний хулгай дээрээ ирээд гацаж байна.

МАН ямар байсан ч өнөөдөр талцлаа дийлэхгүй хэмжээнд оччихлоо. Удтал хөөсөрсөн хөөс хагарч, Д.Амарбаясгалан бүх эрх мэдлээ хэн нэгэнд шилжүүлэх цагийн өмнө зогсож байна. Хэд хэдэн сонгуульд намаа ялуулсан гавьяа бий ч эрх ашгийн үүднээс энэ бүхэнтэй нь Л.Оюун-Эрдэнэ эвлэрэх ямар ч боломж үлдээгүй.

Арга ядахдаа чуулганы танхимын индэр дээрээс “Аюурсайханыг чөлөөлөхөд хувь хүн талаас маш хүнд байсан. Гэхдээ энэ индэр дээр харж сууж байгаад би чөлөөлүүлсэн” гээд хэлчихсэн. Өөр хэн ч байсан чөлөөлнө шүү гэдэг сануулга юм. Тиймээс давхар дээлээ тайлж, дан тэрлэгтэй жиндэх эсэх нь Д.Амарбаясгалангийн асуудал болж үлдэж байна.

Э.БОЛД

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу