Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг томилох МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэр гарсан. Энэ хүрээнд тус яамыг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр толгойлохоор болж, өчигдөр тангараг өргөж, тамга, тэмдгээ гардан авсан билээ.

Х.Нямбаатар нийслэл рүү хуулийн яамны өнгөтэй өөдтэй хүмүүсийг хуу хамаад явахаар болсон байна. Тухайлбал, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг сайдаа дагаад нийслэл рүү явахаар болжээ.

Х.Нямбаатар сайдын суудал, гишүүний бүрэн эрхээсээ татгалзан явж байгаа тул доор ажиллах багаа өөрөө бүрдүүлэхээр болсон юм байна. Тиймээс П.Сайнзоригийг Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллуулахаар яамнаас нь “сугалж” байгаа аж.

Мөн яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Б.Билгүүн, Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд нар Нийслэлийн Засаг даргын тамгын газарт шилжин ажиллахаар болоод байгаа гэнэ.

Ирэх Лхагва гарагт Х.Нямбаатарыг Хотын даргаар сонгох НИТХ-ын хурал болсны дараа шийдвэрийг Ерөнхий сайд батламжлах учиртай юм. Гэсэн ч албан тушаалтнуудын тохироо хийгдэж, шинэ баг хэдийнэ бүрдээд эхэлсэн байна. Ингэснээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт хэд хэдэн чухал албан тушаалын сул орон зай үүсээд байна.

Э.ЭНХ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу