Комедиан Д.Амартүвшиний байгуулсан Либертари нам энэ сарын 10-ны өдөр анхдугаар их хурлаа хийх талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэхүү хурлаар намын  зорилго чиглэл, үйл  ажиллагааны талаар нээлттэй танилцуулах юм. 

Энэ талаар Либертари намын үүсгэн байгуулагч Д.Амартүвшин: 

“Манай улс төрийн намууд барууны, зүүний гэх боловч ихэвчлэн үзэл баримтлал нь зүүнийх болж тэнцвэр нь алдагдчихсан. Үзэл санааны тэнцвэр алдагдсанаар улс орны эдийн засаг мөхөл рүүгээ явдаг. Энэ томорсон төсвийг багасгаж хавтгайруулсан халамжийг багасгана. Бор зүрхээрээ амьдрах гээд хичээж яваа хүмүүсийг дэмжих зорилгоор энэхүү намыг байгуулсан. Цэвэр барууны үзэл санааг бодлогоо болгож ажиллах болно.  

Өөрийнхөө амьдралыг бор зүрхээрээ авч яваа бүхний дуу хоолой болох гэж гарч ирж байна. Өнгөрсөн хугацаанд халамж, халамж, үнэгүй юм надад өг гэдэг дуу хоолойг сонсож ирсэн. Яг өөрийнхөөрөө бизнесээ хийж байгаа хүмүүсийн дуу хоолой хаана байсан бэ? Татвар авъя хаая шахъя л гэдэг  зүйл сонсож байсан. 

Дарлагдаж байгаа хэсгийн дуу хоолойг ямар нэгэн байдлаар улс төрийн тавцанд гаргая. Бид магадгүй хүчтэй нөлөө үзүүлэхгүй байж магадгүй. Гэхдээ ямар ч байсан хэн нэгэн эхлэх ёстой гэдэг үүднээс энэ бүхнийг эхлүүлж байна” гэлээ. 

“Бид нэг үзэл санааны монополд оршиж байна”

Либертари намын хматран үүсгэн байгуулагч н.Хасар: Монголчууд үзэл санаа гэдэг зүйлд ач холбогдол өгдөггүй. Улс төрийн намууд бүгдээрээ зүүн төвийн үзэл санаатай. Хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанаас ч харагдаж байгаа. Бид нэг үзэл санааны монополд оршиж байна. Засгийн эрх авах гэж нам байгуулж байна гэхээсээ илүү үзэл санааны тэнцвэрийг бий болгож баруун талын үзэл санааг дэлгэрүүлэх зорилготой. Улс төрийн намууд масс гишүүнчлэлийг илүүд үзэж, гишүүдийн тоогоор өрсөлддөг. Долоон буудлын иргэн хүртэл намын гишүүн байдаг. Үзэл санааны сөрөг хүчин байх зайлшгүй шаардлагатай гэж үзээд баруун үзэл санааны нам байгуулж байна. 

Үндсэн зорилго бол эрх чөлөөнд саад тотгор болж буй бүхнийг улс төрийн тавцангаас авч хаяхын төлөө явна аа. Цэвэр чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллана. Монгол улсын өр 34 тэрбум долларт хүрсэн. Төрийн өмчит компаниудыг хувьчлах ёстой. Бүх салбарт үнэ чөлөөлөх, мөнгөний нийлүүлэлтийг нэг төгрөгөөр ч нэмэгдүүлэх ёсгүй гэж үзэж байгаа. Чөлөөт зах зээл гэхээр хүмүүс жаахан буруу ойлголттой байдаг. Үнэндээ энэ бол энгийн хүмүүсийн итгэл үнэмшил байдаг. Монгол улс чөлөөт зах зээлийн системд хэр ойртож байгаа вэ гэвэл маш хэцүү. Тиймээс энэ бүхний эхлэл болж нам аа байгуулсан юм” гэлээ. Мөн шинээр бүртгүүлсэн гишүүдээ 10-н өдөр болох их хуралдаа идэвхтэй хамрагдахыг уриалсан юм. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу