Монгол Улсын Их хурлын 2023 оны намрын ээлжит чуулганаар Зам, тээврийн сайд С.Бямбацогт “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан зам, тээврийн төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар дараах мэдээллийг хийсэн юм. 

Тодруулбал, Зам, тээврийн салбар Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-ын хүрээнд ачаа тээврийн урсгалыг сайжруулж, Ази, Европыг холбосон транзит тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд зам, тээврийн салбарт шинээр 2,966 км хатуу хучилттай авто зам, 3,358 км төмөр зам барих, 11 боомтыг хатуу хучилттай авто замаар, 4 боомтыг төмөр замаар холбох төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж буй.

Монгол Улс 2023 онд Дэлхийн банкнаас гаргасан логистикийн индексээр 30 байраар урагшилж 97 дугаар байрт орсон ч цаашид илүү урагшлах, дэвшихийг зорьж байна гэдгийн С.Бямбацогт сайд онцоллоо.

  • Зам, тээврийн салбар 2019 онд буюу дэлхийн нийтийг хамарсан цар тахал гарахаас өмнө бүх төрлийн тээврээр 69.0 сая.тн ачаа тээвэрлэж байсан бол цар тахлын дараа буюу 2022 онд 60.8 сая.тн ачаа тээвэрлэсэн байна.
  • 2023 оны эхний 9 сарын байдлаар бүх төрлийн тээврээр нийт 74.5 сая.тн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс ачаа тээвэр 86.2 хувиар өсжээ.
  • Ачаа тээврийн өсөлтөд төмөр зам 33.5 хувь, автотээвэр 133.5 хувиар өссөн үзүүлэлт нөлөөлж байгаа бөгөөд цаашид ачаа тээврийн хэмжээ нэмэгдэхээр байна.
  • Агаарын тээврээр 2023 оны эхний 9 сарын байдлаар  нийт 1,3 сая зорчигч тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад олон улсын зорчигч 136.5 хувиар, орон нутгийн зорчигч 27.5 хувиар тус тус өссөн байна.

Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд зам, тээврийн салбар нь 3 зорилтын хүрээнд төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг мөн дурдлаа. Үүнд:

  1. Хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбон, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх”
  2. “Боомтуудын хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэх”
  3. “Монгол Улсын агаарын зайн зохион байгуулалт, агаарын замын ашиглалтыг сайжруулан дамжин өнгөрөх агаарын хөлгийн тоог нэмэгдүүлж, агаарын тээврийн либералчлалыг үе шаттайгаар үргэлжлүүлэх замаар ачаа тээврийн зангилаа төвийг бий болгож, аялал жуулчлалын салбарыг дэмжих” зорилгоор төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүн, гүйцэтгэлийн талаар танилцууллаа. 

Жишээлбэл,

  • Монгол Улсын хэмжээнд 2019 оны байдлаар нийт 13,785.9 у/м төмөрбетон гүүр ашиглагдаж байсан бол 2022 оны байдлаар нийт 16,111.3 у/м төмөрбетон гүүр болж нэмэгдсэн байна.
  • 2023 онд 500 км хатуу хучилттай авто зам, 229,36 у/м төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулж, шинээр 1274 км автозамын барилгын ажлыг эхлүүлээд байна.
  • Төмөр замын сүлжээг өргөжүүлэх хүрээнд 2023 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км төмөр зам, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замыг байнгын ашиглалтад хүлээн авсан.
  • Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод шилжүүлэн ачих чингэлэг тээврийн терминал ашиглалтад оруулж, жолоочгүй автомат удирдлага бүхий AGV тээврийг нэвтрүүлсэн бөгөөд улс хоорондын ачаа тээвэрлэлт хийгдэж эхэлсэн.
  • Агаарын тээврийг либералчлах, нислэгийн сүлжээг өргөжүүлэх, аялал жуулчлалыг дэмжих зорилтын хүрээнд Катар, Грек, АНУ-тай Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг тус тус байгуулаад байна. Ингэснээр Монгол Улс дэлхийн 42 улстай агаарын харилцааны хэлэлцээртэй болж, 115 цэг рүү шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлээд байна.

Энэ мэтчилэн зам тээврийн салбарт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудыг танилцууллаа. Үндэсний авто замын сүлжээ нь 111,916.7 км урт бөгөөд 14,921.3 км нь олон улс, улсын чанартай авто зам, 7,485.6 км нь хатуу хучилттай авто зам юм. Эдгээрийн шинэчлэлт засвар арчилгааны ажлууд мөн хугацаандаа дуусч, дараагийн төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байгаа зэргийг дурдлаа.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу