Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2023.10.06) хуралдаанаар “шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан зам, тээврийн төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар Зам, тээврийн сайд С.Бямбацогтын мэдээллийг сонслоо. Энэ үеэр тэрбээр, 

-Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд зам, тээврийн салбар нь 3 зорилтын хүрээнд төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

  1. Хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбон, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх” зорилтын хүрээнд дараах ажлуудыг гүйцэтгэж байна. 

Төмөр замын салбарт хэрэгжүүлсэн томоохон ажлууд:

  • Төмөр замын тээврийн тухай хуулийг УИХ-ын 2023 оны хаврын чуулганаар шинэчлэн батлуулав.
  • Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрээр Замын-Үүд-Эрээн өртөө хооронд өргөн царигийн төмөр замаар хоногт 15-аас багагүй тооны галт тэрэг солилцохоор тохирч нэмэгдүүллээ.
  • Цар тахлын дараа хоёр улсын хилийн боомт нээгдсэнээс хойш 2023 оны 08 дугаар сарын 31-ны өдрөөс Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг нээсэн. Ойрын үед бусад олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна.
  • “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хугацаа хэтэрсэн 200 тэрбум төгрөгийн өрийн асуудлыг шийдвэрлэж, дүрмийн санг 167 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн.

2. “Боомтуудын хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд;

Автотээврийн салбарт хэрэгжүүлсэн томоохон ажлууд:

  • Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2023 онд шинэчлэн байгуулж, Монгол Улсад бүртгэлтэй автомашинаар БНХАУ-ын нутгаар дамжин өнгөрөх тээвэрлэлт хийхээс гадна гуравдагч улсаас БНХАУ руу болон БНХАУ-аар дамжин гуравдагч улс руу тээвэрлэлт хийх нөхцөлийг бүрдүүллээ. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-тай байгуулсан шинэчилсэн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Протоколыг БНХАУ-ын Тээврийн яамтай байгуулав.
  • Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд АН-3 коридороор олон улсын ачаа тээвэрлэлтийг сэргээлээ.
  • Азийн автозамын сүлжээний АН-4 коридор, баруун босоо тэнхлэгийн 745 км зам ашиглалтад оруулж, уг чиглэлд транзит тээврийг эхлүүлэв.
  • Гурван жил зогссон БНХАУ, ОХУ, Бүгд Найрамдах Казахстан улстай хийгдэх улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээлээ.
  • Польш улстай автотээврийн хэлэлцээр байгуулж, 14 улстай автотээврийн Засгийн газар хоорондын хэлэлцээртэй болж, Герман Узбекстан, Гүрж, Болгар улсуудтай автотээврийн хэлэлцээр байгуулахаар тохиролцоод байна.
  • Автотээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, тооллогыг улсын хэмжээнд зохион байгуулж сүүлийн 5 жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй 150,647 тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасаад байна.
  • Автотээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимаар авах буюу аж ахуйн нэгж байгууллага автотээврийн хэрэгслийн бүртгэлийг нэгдсэн санд бүртгэлтэй өөрийн өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний мэдээллийг E-mongolia.mn-с авах боломжтой болсон.

3. “Монгол Улсын агаарын зайн зохион байгуулалт, агаарын замын ашиглалтыг сайжруулан дамжин өнгөрөх агаарын хөлгийн тоог нэмэгдүүлж, агаарын тээврийн либералчлалыг үе шаттайгаар үргэлжлүүлэх замаар ачаа тээврийн зангилаа төвийг бий болгож, аялал жуулчлалын салбарыг дэмжих” зорилтын хүрээнд;

Агаарын тээврийн салбарт хэрэгжүүлсэн томоохон ажлууд:

  • Салбарын эрх зүйн орчныг шинэчлэх хүрээнд 2023 оны хаврын чуулганаар Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулж, Олон улсын иргэний нисэхийн 4 конвенцод нэгдэн орлоо.
  • Агаарын тээврийг либералчлах, нислэгийн сүлжээг өргөжүүлэх, аялал жуулчлалыг дэмжих зорилтын хүрээнд Катар, Грек, АНУ-тай Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг тус тус байгуулаад байна. Ингэснээр Монгол Улс дэлхийн 42 улстай агаарын харилцааны хэлэлцээртэй болж, 115 цэг рүү шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлээд байна.
  • АНУ-ын Засгийн газартай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулж шууд хуваарьт нислэг гүйцэтгэж эхлэх боломжтой боллоо. Ингэснээр манай улсын иргэд, бизнес аялагчид болон жуулчдад хямд зардлаар богино хугацаанд нисэх боломж бүрдэх юм. Шууд нислэгийг 2024 оны 2 дугаар улиралд эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
  • Кувейт, Унгар, Их Британи, Испани, Латви Улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна. Эдгээр хэлэлцээрүүдийг байгуулснаар дэлхийн гол агаарын тээврийн зангилаа цэгүүд рүү ямар нэгэн хязгаарлалтгүй шууд болон аяллын дугаар хуваан ашиглан нислэг үйлдэж, зорчигч, жуулчдад ая тухтай, хямд зардлаар аялах боломж бүрдэх юм.
  • Бүгд Найрамдах Солонгос Улстай агаарын харилцааны хэлэлцээ хийж, 7 хоногт 70 нислэг үйлдэх боломжтой боллоо.
  • Түрк Улстай долоо хоногт 28 нислэг, Япон Улстай 61 нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж, агаарын харилцааны хэлэлцээрийг шинэчлэн байгууллаа” хэмээн хэрэгжүүлж буй томохон төсөл хөтөлбөрүүдийг танилцуулсан юм. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу