Монголын хөрөнгийн бирж (МХБ) 2023 оны есдүгээр сарын 15-ны өдөр төмрийн баяжмалын арилжааг амжилттай эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт 113,400 тонн төмрийн баяжмалыг арилжаад байна.

Төмрийн баяжмалын эхний арилжаагаар “Монголросцветмет” ТӨҮГ-ын 65 хувийн агууламжтай 72,000 тонн төмрийн баяжмал болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн 58 хувийн агууламжтай 6800 тонн төмрийн баяжмалыг амжилттай арилжиж, арилжааны дүнд худалдагчаас санал болгосон үнэ 10-50 хүртэл хувиар өссөн билээ.

Энэхүү анхны арилжааны нийлүүлэлт 2023 оны аравдугаар сарын 4-ний өдрөөс эхэлж, 2023 оны аравдугаар сарын 5-ны өдөр “Монголросцветмет” ТӨҮГ-ын худалдсан эхний 100 вагон төмрийн баяжмал Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрийн терминалаас БНХАУ-ын Эрээн боомт руу төмөр замын тээвэрлэлтэд гарчээ. Мөн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн эхний 50 вагон бүтээгдэхүүний ачилт 2023 оны аравдугаар сарын 6-ны өдрөөс эхэллээ.

“Монголросцветмет” ТӨҮГ-ын төмрийн баяжмалын ачилт хийгдэх үед МХБ-ийн итгэмжлэгдсэн шинжилгээний лаборатори стандартын дагуу авсан дээжээс чанарын шинжилгээ хийж, гүний гаалийн байгууллага гаалийн бүрдүүлэлтийн ажиллагааг хийсэн бөгөөд МХБ-ийн холбогдох төлөөлөл байлцаж, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллажээ.

Э.ЭГШИГЛЭН

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу