“Найман ишигний” гэх хэргийн анхан шатны шүүх хуралдаан өнөөдөр (2023.10.06) Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхэд боллоо. Шүүх хуралдаан 8 цаг үргэлжилсний эцэст Ерөнхий шүүгч шийдвэрээ танилцуулав. Тэрбээр

“Шүүгдэгч Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дэх хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлсан хэрэгт, 

Шүүгдэгч Б.Даариймааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирсэн хэргийг зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1.1, 3.7.1 заасныг журамлаж мөн хуулийн 15.7.1 хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

Шүүгдэгч Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1.1, 3.7.1 заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5.1 хэсэгт зааснаар алдуул мал завших гэмт хэрэгт тус тус тооцсугай. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1.1, 3.7.1 заасныг үндэслэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5.1 хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр нарт тус бүр зургаан сарын хугацаатай, шүүгдэгч Б.Даариймаад нэг сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр нарын цагдан хоригдсон 49 хоногийг эдлэх ялаас нь хассугай” хэмээн уншиж танилцуулав. 

Товчхондоо Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр нарын зорчих эрхийг зургаан сараар, Б.Даариймаагийн зорчих эрхийг нэг сарын хугацаагаар хорихоор шийдвэрлэлээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ:

Х.ТҮШИГ

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу