“Ханжоу 2022” Азийн наадмын сүүлийн өдрийн /2023.10.07/ тэмцээнүүд үргэлжилж байна. 

Тус наадамд Азийн 45 орны тамирчид 40 спортын төрлөөр 482 багц медалийн төлөө өрсөлдөж буй юм. Эдгээр орнуудаас одоогийн байдлаар Хятадын шигшээ 188 алт, 106 мөнгө, 64 хүрэл гээд нийт 358 медальтай тасархай тэргүүлж байна. Тус улсын араас Япон, БНСУ, Энэтхэг, Узбекистаны багууд жагсаж байгаа юм.

Манай улсын тухайд одоогийн байдлаар гурван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медальтайгаар, 45 орноос 22-д эрэмбэлэгдэж байна.

Манай улсын тамирчдын тэмцээн дуусаагүй. Чөлөөт бөхийн 125 кг-ийн жинд манай тамирчин М.Лхагвагэрэл алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдээд байгаа юм. Тэрбээр алтын төлөө олимп, дэлхийн аварга Ираны бөх Амир Хоссейн Зайртай хүч үзнэ.

Сануулахад, “Ханжоу 2022” Азийн наадмаас манай улсын дараах тамирчин алтан медаль хүртээд буй.

  • Боксын эрэгтэйчүүдийн 63.5 кг-д ДАШТ-ий мөнгө, “Жакарта 2018” Азийн наадмын мөнгөн медальт Б.Чинзориг, 
  • Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-д Т.Тулга,
  • Байт харвааны ганцаарчилсан төрөлд ОУХМ Б.Отгонболд алтан медалийн эзэн болж, амжилт дүүрэн яваа юм. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу