БНСУ-ын “А channel” телевизээр “ногоон” автобусны талаар мэдээлжээ. Мэдээг орчуулан хүргэж байна.

Ашиглалт муутай автобус экспортын талаар маргаан дэгдэж, Солонгосын хоёр иргэнийг Монголд баривчилжээ.

Өргөн уудам талбай дээгүүр олон арван ногоон автобус дараалан цуваа болон явж байна. Энэ бол Солонгосын “Zyle Daewoo Bus” компанийн Улаанбаатар хот руу экспортолсон автобус юм. Тус компани Монгол руу 600 автобус оруулах гэрээ байгуулж, 100-г нь өнгөрсөн сарын сүүлээр нийлүүлжээ.

Гэтэл зарим автобусны будаг ховхорч, зэвэрсэн, дээр нь төмөр хавтан гагнасан зэрэг зөрчил илэрчээ. Мөн тээврийн хэрэгслийн дугаарыг нь шалгахад үйлдвэрлэсэн хугацаа нь 1993 он болох нь тогтоогдсон тул Солонгост 30 жилийн настай хуучин автобус зарж байна гэсэн мэдээлэл гарах болжээ.

Маргаан нэмэгдсэн тул “Zyle Daewoo Bus Executive” компанийнхан Монголд хэвлэлийн бага хурал хийв. Энэ үеэрээ тус компанийн төлөөлөл толгой гудайлган уучлалт гуйж, “Монгол Улс автобусаа хурдан авах хүсэлт гаргасны улмаас бид алдаа гаргасан. Гэхдээ энэ нь жижиг алдаа (ноцтой алдаа гэхээсээ илүү) байсан. Хуучин бараа худалдсан гэдэг бол хуурамч мэдээ” гэж тайлбарлажээ.

Гэвч энэ маргаан намжаагүй байгаа бөгөөд Монголын сөрөг хүчний гишүүд Солонгосын Элчин сайдын яаманд очиж, шалгалт явуулахыг хүссэн захидал илгээсэн байна. Мөн монголын төрийн албан хаагчдын дунд автобустай холбоотой авлигын хэрэг байж болзошгүй гэж сэжиглэж байгаа тул Монголын мөрдөн байцаах байгууллага ч мөн мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ.

Компанийн албан тушаалтан, зуучлагч зэрэг дөрвөн солонгос иргэнийг баривчилж байцааж, хоёрыг нь саатуулсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар “Zyle Daewoo Bus” компанийн толгой компани болох “Youngan Moja”-гаас тодруулахад “Холбогдох хэлтэс шалгаж байна” гэж тайлбарлалаа. Харин Гадаад харилцааны яамнаас “Монгол Улсын Засгийн газар шалгаж байгаа гэж ойлгож байна” гэв.

ВИДЕО ҮЗЭХ: 

ЭХ СУРВАЛЖ: А CHANNEL

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу