Dobu.mn сайт өнгөрч буй долоо хоногт болсон үйл явдлуудаас
тоймлон хүргэж байна.

МАН-ынхан өнгөн дээрээ их “цэвэр” мэт харагдахыг хичээсээр ирсэн. Гэвч “Даравч далдайна, булавч бултайна” гэгчээр МАН-ын дотоод дахь өнгөрсөн он жилүүдийн бугшсан талцал, хагарал, “идээ бээр” сад тавьж, хэн нэгнээ эрх мэдлээс түлхэн унагахын төлөө яахаас ч буцахгүй үйлдэл гаргаж байгаа нь энэ долоо хоногт улс төрд өрнөсөн үйл явдлуудаас тод харагдах авай.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланг МАН-ын генсекээс хөөж зайлуулах акц идэвхжихийн зэрэгцээ нүүрсний хулгайн гол зохион байгуулагч гэж цоллосон нийтлэл гадны сайтуудад ч гарч эхэлсэн.

Тэрбээр энэ талаар “Сүүлийн үед намайг нүүрсний “Админерал” ХХК-тай холбож, хэвлэлээр маш ихээр гүтгэж байна. Алгын чинээ цаасан дээр нотлох баримтгүй мөртлөө намайг холболоо. Сүүлдээ гэр бүлийн хүнийг маань хүртэл нүүрс тээврийн компанид бизнес эрхэлдэг мэтээр хэвлэлээр бичсэн. Ямар ч ор үндэсгүй мэдээллээр гүтгэж байна.

Энэ мэдээллийг захиалж хийлгэж буй болон гүйцэтгэж байгаа нөхдөд хандаж хэлэхэд “Та бүхэн битгий горьд. Би та бүхний хүссэнээр нүүрсчин болчихгүй. Авлигачин болчихгүй. Харин энэ технологийг хийж байгаа этгээдүүд удаа дараа улстөрчдийн нэр хүндэд халдах зорилгоор нэг ижил технологи ашигладаг байдлаа боль” гэсэн тайлбар хийв.

Д.Амарбаясгалан уг нь “Засгийн газар шударга ёс, ёс зүйн зарчим тогтоохоор ажиллаж байна” хэмээн олон удаа мэдэгдсэн. Тэрбээр “Шударга бус зүйлтэй эвлэрэхгүй”-гээ зарласан. Генсекийн суудлаас, ЗГХЭГ-ын байр суурь аль алинаас нь тэр шударга байцгаая л гээд байгаа бараг цор ганц хүн.

Үүнээс гадна Д.Амарбаясгалан болон Ерөнхий сайдын хамгийн итгэлт хүн гэгдэх Х.Нямбаатар нарын тэмцэл эртнээс эхтэй. Тодруулбал, энэ нь Д.Амарбаясгаланг Нийслэлийн МАН-ын бүлгийн дарга, Х.Нямбаатарыг НИТХ-ын төлөөлөгч байх үеийн асуудал гэсэн үг. НАМЗХ-ны тэргүүн Н.Номтойбаяр Х.Нямбаатарыг Дэд тэргүүнээр сонгосноор тэмцэл эхэлсэн байдаг.

“Д.Амарбаясгалан өөр хүн тавих бодолтой байсан ч санасандаа хүрээгүй тул өс зангидаж үлдсэн. 10 жил хэдийнэ өнгөрчихөөд байхад тэр өс хонзон хүрээгээ тэлсэн үү гэхээс хумигдаагүй, эцэст нь энэ улсын шударга ёс, нүүрсний хулгай дээрээ ирээд гацаж байна” гэж дүгнэх хүн ч олон бий юм.

Ямартаа ч ирэх өдрүүдийн улс төрийн амьдрал бужигнаантай, МАН-ынхны “тэсрэлт”-ийг харах цаг ойртсон бололтой.

Нэмэгдэхүүний байрыг өөрчилсөн ч…

Засгийн газар энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаараа нийслэлийн Засаг даргын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцээд, Хууль зүй, дотоодын хэргийн сайд Х.Нямбаатарыг хотын дараагийн даргаар томилох шийдвэр гаргасныг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн.

Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажилласан 3 жил, гурван сарын хугацаанд тус яам нийт 60 хуулийн төсөл дээр ажиллаж, 27 хуулийг УИХ-аар батлуулж, 13 хууль УИХ-ын чуулганы хэлэлцүүлгийн шатанд байгаа талаар мэдээлэв.

Засгийн газрын тэргүүн чуулганы нэгдсэн хуралдаан дээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох саналаа танилцуулсан.

Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаярыг сонгохдоо УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд анх удаа Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хорооны даргаар ажиллаж, гурван шатны нээлттэй сонсголыг зохион байгуулж, иргэдийн мэдэх эрхийг хангаж чадсан улс төрчийн эр зориг, тууштай байдлыг нь харгалзан үзжээ. Үүний дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд шинээр томилогдсон Засгийн газрын гишүүн Б.Энхбаяр тангараг өргөсөн юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх болон томилох асуудлыг яаралтай горимоор хэлэлцсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын албан тушаалд Б.Дэлгэрсайханыг томилохоор танилцуулж байгаагаа хэлэв.

Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нийслэлд Засгийн газрын зүгээс улс төрийн дэмжлэг үзүүлэх гүүр болох, нийслэлийн төвлөрлийг ажлын байр, аж үйлдвэржилт, эдийн засагтай уялдуулан шийдвэрлэхэд УИХ-д сонгогдон ажилласан улс төрийн туршлага, хувийн хэвшилд аж ахуй эрхэлж, авто зам, төмөр замын их бүтээн байгуулалтыг удирдаж байсан хувь хүнийх нь амьдралын туршлага, технократ хандлагыг нь харгалзан үзэж, энэхүү албан тушаалд томилуулахыг үндэслэл болгосноо хэлсэн.

Түүнчлэн салбар дундын уялдааг хангаж, төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдсэн юм. Танилцуулга хэлэлцүүлгийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гаргаж, Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар Б.Дэлгэрсайханыг томилсон. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд шинээр томилогдсон Засгийн газрын гишүүн Б.Дэлгэрсайхан тангараг өргөсөн билээ.

Иргэд Д.Сумъяабазарыг Х.Нямбааатараар, Ж.Сүхбаатарыг Б.Дэлгэрсайханаар сольж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилсныг тийм ч таатай хүлээн аваагүй. Учир нь сонгууль хүртэл тэднийг иргэдэд тустай олигтой ажиллана гэж хүлээхгүй байгаатай холбоотой биз ээ. Нэмэгдэхүүний байрыг өөрчилсөн ч нийлбэрийн хариу өөрчлөгдөхгүй гэдэг.

Хүүхдэд ээлгүй Монгол Улс

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Монгол Улсын хүн ам 3.4 сая болж, өмнөх оноос 1.4 хувиар өсөж, нийт хүн амд 18 хүртэлх насны хүүхдийн эзлэх хувь 36.2 буюу 1.2 сая хүүхэд байна.

2017 оноос хүчирхийллийн хохирогчид аюулгүй байдлын хамгаалалт, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх нэгжийг тав дахин нэмэгдүүлж, 20 түр хамгаалах байр, 15 нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж байна.

Улсын хэмжээнд 737 хамтарсан багт 6008 гишүүн ажилладаг. Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог шинэчлэн байгуулж, 30 хорооны 514 гишүүн холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Хүүхэд, гэр бүлийн салбарт хүүхдийн эрхийн зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий улсын байцаагчийг бэлтгэж, 36 албан хаагч давхар чиг үүрэгтэй ажиллаж байна. Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын магадлан итгэмжилж, 2018 оноос хүүхэд хамгааллын үйлчилгээг төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлж эхэлсэн” гэж мэдээлсэн.

Харамсалтай нь, энэ бүхэн Монголын ирээдүй болсон хүүхэд бүрт хүрч чадахгүй байгаа юм. 12-хон настай охин харамсалтайгаар амь насаа алдаж, бидний “бүтээсэн” нийгмийн золиос боллоо.

ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр “1996-2020 оны хооронд 17 хүүхэд сураггүй болсны гэмт хэргийн улмаас алга болсон байж болзошгүй хоёр хүүхэд байна” гэж мэдээлсэн. Энэ нь бид хүүхдүүдээ хайхрахгүй явж ирсний гор, тод жишээ.

Өмнө нь байсхийгээд л хүүхэд хүчирхийллийн золиос боллоо, хойд эцэг, эхийнхээ гарт амь насаа алдлаа, зам тээврийн осолд өртөж эндлээ гэх мэт цаг бусаар хорвоог орхисон олон харамсалтай тохиолдлын талаарх мэдээлэл гарсаар л байсан. УИХ, Засгийн газар, хүүхдийн төлөөх байгууллагууд энэ асуудалд огт анхаарлаа хандуулдаггүй байсан гэхэд үнэнээс хол зөрөхгүй биз. Ялангуяа УИХ-ын эмэгтэй гишүүд бүлх залгисан мэт дуугүй байсны шалтгааныг бодоод бодоод олдоггүй юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдэлэлдээ замын далан, ухсан нүх, суваг, шуудуу, траншей, худаг орчимд анхааруулах тэмдэг байршуулах, таглаж битүүлэх, эрсдэл бүхий орчныг камерын хяналтын системээр бүрэн хангах, сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон хүүхдийн тоглоомын талбайн тоног төхөөрөмж, тоглоом хэрэгсэлд засвар үйлчилгээ хийх орчны гэрэлтүүлгийг сайжруулах ажлыг зохион байгуулна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд зорчигч хүүхдийн аюулгүй байдлыг хангах, тайван зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор UB CAB такси үйлчилгээний компанитай хамтран ажиллаж, хууль тогтоомжийн дагуу такси үйлчилгээг камержуулах ажлыг тодорхой үе шаттайгаар нэвтрүүлнэ гэж дурдсан. Энэ бүхэн ажил хэрэг болоосой.

УИХ-ын гишүүд хүүхдийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах, Эрүүгийн хуульд хүүхдийн эрхийг зөрчсөн, аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах нь чухлыг онцолсон. Үүний зэрэгцээ Засгийн газраас өнгөрсөн парламентын үед өргөн мэдүүлээд татаж авсан Гэр бүлийн тухай хуулийн төслийг яаралтай өргөн мэдүүлж хэлэлцүүлэхэд Хууль зүй, дотоод хэргийн яам анхаарах, УИХ-ын эмэгтэй гишүүдээс 2021 онд өргөн барьсан Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналд нэгдэв.

Иргэдээ ажилтай, орлоготой болгох, орлогыг нь нэмэгдүүлэх, өрх тэргүүлэх залуучуудаа гэр бүлээ аваад явах чадавхтай, сэтгэлийн тэнхээтэй, амьдралын зорилго мөрөөдөлтэй болгох, эмэгтэйчүүдийн суурь асуудлыг шийдэж, эх болоход нь бэлтгэх асуудлыг цогцоор нь шийдвэрлэхгүйгээр нийгмийн болон хүүхэд хамгааллын асуудлыг  шийдэж чадахгүй юм.

Нөгөөтэйгүүр, 2017 оноос хойш УИХ-аас хүүхэд хамгааллын төсвийг жил бүр нэмэгдүүлэн урсгал зардалтайгаа нийлүүлэн 12 тэрбум төгрөг төсөвлөхийн зэрэгцээ хууль тогтоолыг ч цөөнгүй баталжээ. Иймд салбарын яам зохион байгуулалт, зохицуулалт ажлын уялдаа, холбоогоо сайжруулах, эрчимжүүлэх шаардлагатай.

Монгол Улсын Ерөнхий сайд Хүүхдийн эсрэг үйлдсэн хүчирхийлэлд ялын бодлогыг чангатгах чиглэлд тодорхой арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан болон бусад хүмүүс хуралдаж, бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт 12-20 жилийн ял оногдуулдаг тогтолцоог 25 болгох, гэмт хэрэгтнийг магадлангаар суллах, өршөөл уучлалд хамруулахгүй байх зэрэг нэмэлт өөрчлөлтийг Эрүүгийн хуульд тусгахаар болж, ирэх долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болов.

Иргэдийн хувьд эрх баригчид “ниргэсэн хойно нь хашгирч” буй ч гэлээ энэ бүхнийг ажил хэрэг болгоод, Монгол Улсын ирээдүй болсон хүүхдийн хамгааллыг сайжруулж, хүүхдэд халдаж буй гэмт этгээдүүдэд оноох ялын бодлогыг чангатгах нь юу юунаас чухал” хэмээн онцолж байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу