“Ханжөү-2022” Азийн XIX наадмын чөлөөт бөхийн тэмцээн өчигдөр эрэгтэйчүүдийн 74, 86, 97, 125 кгын жингийн барилдаан болсноос 97 кг-ын жинд өрсөлдсөн 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Г.Ганхуяг хүрэл медалийн болзол хангав.

Тэмцээний 125 кг-ын жинд барилдсан “Осло-2021” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, “Белград-2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Хилчин спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, МУГТ М.Лхагвагэрэл мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр эхний барилдаанд хийлж, удаах барилдаанаа Киргизийн Айал Лазаревтай барилдаж ялсан юм.

Зооны аваргын төлөөх барилдаанд Узбекистаны залуу тамирчин Хасанбой Рахимовыг цэвэр ялж, финалд шалгараад, аваргын алтан медалийн төлөө Ираны бөх, өсвөр, залуучуудын дэлхийн аварга, насанд хүрэгчдийн дэлхийн хошой аварга, олимпийн хүрэл медальт, Амир Хоссейн Зайртай барилдаж, 7:0 оноогоор ялагдаж, мөнгөн медалийн эзэн болов.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу