НҮБ-ын Хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газар (OCHA)-аас Бямба гарагт Газын зурвас дахь дотоод дүрвэгсэд (тэмцлийн улмаас гэр орноо орхин гарсан ч эх орондоо үлдсэн)-ийн тоо дор хаяж 20 мянга хүрээд байна гэж мэдээлэв.

OCHA-д ирсэн мэдээллээр, аравдугаар сарын 7-ны үдээс хойш Израилийн армийн цохилтын улмаас Палестины нэг сэтгүүлч, Бейт Лахия хотын эмнэлгийн нэг палестин ажилтан халдлагад өртөж нас баржээ. Палестины бүлэглэлүүд Израилийн нутаг дэвсгэрт 50 гаруй цэрэг, аюулгүй байдлын ажилтан, энгийн иргэдийг баривчилж, Газын зурвас руу аваачсанаа мэдэгдсэн байна.

Израилийн довтолгооны улмаас орон сууцны барилгууд, тэр дундаа Газа хотын төв хэсэгт байрлах ХАМАС-ын оффисууд болон олон арван орон сууц бүхий 14 давхар цамхаг зэрэг байгууламжууд цохилтод өртөж, том дэлбэрэлтүүд болжээ. “Ассошиэйтед Пресс” агентлагийн мэдээлснээр, Газа хотод таван давхар байшин мөн үнс нурам болсон байна.

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Бямба гаргийн орой энгийн иргэдэд хандан “Батлан ​​хамгаалах хүчин (IDF) террорист ХАМАС бүлэглэлийн байгууламжуудад хариу цохилт өгөх тул Газын зурвасаас гарч явах хэрэгтэй” гэж уриалжээ.

Б.Нетаньяху мэдэгдэхдээ “Израилын төлөө, манай иргэдийн төлөө ХАМАС-аас өшөөгөө авах дайнд бид ялна. ХАМАС-ын үйл ажиллагаа явуулдаг бүх газрыг бид балгас болгон хувиргана. Газын зурваст амьдарч буй иргэдийг яг одоо тэндээс гар гэж хэлье, учир нь бид удахгүй Газын зурвасын бүх хэсэгт цохилт өгнө” гэсэн байна.

IDF-ийн хэвлэлийн албанаас Газын зурвасын оршин суугчдад хандан их бууны цохилт, агаарын бөмбөгдөлтөөс өөрсдийгөө хамгаалахын тулд хоргодох байранд орохыг араб хэлээр уриалжээ.

Израилын армийн хэвлэлийн төлөөлөгч Авихай Адрай мөн “Аюулгүй байдлын үүднээс “оршин суугаа газраа нэн даруй орхих хэрэгтэй” гэж араб хэлээр анхааруулж, “ХАМАС-ын дайралтын улмаас Израилын зэвсэгт хүчин тус бүлэглэлийн байрлалууд руу цэргийн  ажиллагаа явуулах боллоо” гэж мэдэгдсэн байна.

ХАМАС бүлэглэл өчигдөр өглөө Израилын хотууд руу 5000 пуужин харваж, Газын зурвастай хиллэдэг Израилын суурин газрууд руу олон арван зэвсэгт дайчид агаар, газраар нэвтэрчээ.

Израилын талын мэдэгдсэнээр, ХАМАС бүлэглэл тус улс руу 2000 гаруй пуужин харвасан байна. Израилын талаас өчигдөр орой мэдэгдсэнээр, халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 250-д хүрч, 1452 хүн эмнэлэгт хүргэгджээ.

Эх сурвалж: ERA-EFE, DW, ALJAZEERA
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу