Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко өнгөрсөн Баасан гарагт “АНУ Украиныг зэвсэглэснээрээ Оросыг цөмийн зэвсэг “хэрэглэх” зам руу түлхэж байна” гэж хэлжээ.

Тэрбээр Брест муж дахь цэргийн объектод зочлох үеэрээ “Америкчууд оросуудыг хамгийн аймшигт зэвсгийг ашиглахыг шахаж байна гэсэн сэтгэгдэл надад төрж байна. Энэ бол миний бодол гэдгийг дахин хэлье.

Тэд Владимир Александрович Зеленский болон түүний армийг зэвсэглэж, алсын тусгалын пуужингаар хангадаг. Пуужингууд 300 км (186 миль) хүртэл нисч чадна. Хэрэв ийм пуужин Оросын нутаг дэвсгэрт тусвал Москва хариу өгөх ёстой. Оросын нутаг дэвсгэрт ийм дайралт хийвэл хариу нь асар хүчтэй байх болно. Үгүй бол бидэнд цөмийн зэвсэг яагаад хэрэгтэй гэж вэ” гэж хэлжээ.

Түүний хэлснээр, улс орнуудын хоорондын хурцадмал байдал нь Оросыг “улаан товчлуурыг ширээн дээр гаргаж тавих” нөхцөл байдалд хүргэж болзошгүй юм. Америкчууд “далайн цаана байгаа учраас” аюулгүй байдлынхаа төлөө санаа зовохгүй, айхгүй байна” гэж нэмж хэлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн Пүрэв гарагт “Цөмийн туршилт хийхийг хориглосон гэрээг соёрхон батласныг хүчингүй болгох боломжтой” гэж мэдэгдсэний дараа Лукашенко ийн хэлсэн байна.

Путины мэдэгдлийн маргааш ОХУ-ын Төрийн Думын дарга Вячеслав Володин “Төрийн Думын зөвлөл дараагийн хурлаар “Цөмийн туршилтыг иж бүрэн хориглох гэрээг хүчингүй болгох асуудлыг гарцаагүй хэлэлцэнэ” гэж мэдэгджээ.

Лукашенко мөн АНУ-ын Конгресс Украинд үзүүлэх тусламжаа үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй байгаа талаар тайлбар хийж, энэ нь “Украины сөрөг довтолгооны цар хүрээг өргөжүүлж, олон залуусыг тийш нь илгээх дохио” гэсэн байна.

Тэрбээр “Одоо хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тэд Зеленскийг сөрөг довтолгоонд хойрго хандаж байна гэж буруутган бичиж байна. Сөрөг довтолгоо амжилтгүй болсон. Тулалдаанд зөвхөн хөгшчүүд л оролцож байна” гэж мэдэгджээ.

Лукашенко АНУ яагаад Украиныг сөрөг довтолгоогоо яаравчлахыг хүсч байгаа талаар өөрийн хувилбарыг хэлжээ. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины ялалтыг дайны талбарт ашиглаж, рейтингээ өсгөх боломжтой гэж мэдэгджээ.

Мөн “Улс төрийн нөхцөл байдлын улмаас энэ дайн Байден болон Америкийн засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлэхгүй. Байден бүх санал асуулгын дагуу аль хэдийнэ ялагдаж байна. Түүнд ямар нэгэн ялалт хэрэгтэй байна. Ялахын тулд ширээн дээр ямар нэгэн зүйл авчрах хэрэгтэй” гэж хэлжээ.

Эх сурвалж: CNN
Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

  1. Yorin ukrainii zovlon bidend bur ih bui yagaad gevel delhiin huvi zaya shiiddeg 3han oron bui tednii 2 n hilledeg ted oorsdiin oron zaig shiiddeg ba durgui hurgesen hondoldson heniigch surgana tedend hohirogch oronii buruu zov ogthonch pad baihgui huchtenii omno hchguin buruutai gej… yorin amia argalaad undesnii erh ashigaa hamgaalaad yavj chadaj bui 30-40n oron baidag busad uls bol hetsuudee!!!

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу