Афганистаны баруун хэсэгт болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 500-д хүрсэн талаар “Улаан хавирган сар” нийгэмлэгийн төлөөлөгч Эрфанулла Шарафзой мэдээлснийг “Reuters” агентлаг иш татан мэдээлэв.

“France Presse” агентлагийн мэдээлснээр, Афганистаны баруун зүгт орших Герат хотоос 40 км-ын зайд орон нутгийн цагаар 11:00 (GMT 06:30) орчимд 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Дор хаяж гурван удаа газар хөдөлсний улмаас олон барилга эвдэрч сүйдэн, хүмүүс нурангид дарагджээ. Амьд үлдсэн хүмүүсийн мэдээлснээр, оффисын барилгууд чичирхийлж, эргэн тойронд нь нурж эхэлсэн байна.

Гератын оршин суугч Башир Ахмад Франс Пресс агентлагт “Биднийг оффистоо байхад гэнэт барилга чичирч, хананы гипс унаж, хана цуурч, зарим хэсэг нь нурсан” гэж мэдэгджээ. Тэрбээр “Би сүлжээ тасарсны улмаас гэр бүлийнхэнтэйгээ холбоо барьж чадахгүй байгаа тул маш их санаа зовж, айж байна, аймшигтай байна” гэж нэмж хэлсэн байна.

Тус мужийн Гамшгаас хамгаалах албаны дарга Моса Ашари сэтгүүлчдэд хэлэхдээ “Одоогоор 1000 гаруй бэртэж гэмтсэн эмэгтэйчүүд, хүүхэд, өндөр настан манай бүртгэлд бүртгэгдэж, 120 орчим хүн амь насаа алдсан” гэжээ.

Урьдчилсан мэдээгээр, амиа алдагсдын тоог 15 гэж батлаад байгаа аж. Гэвч онцгой байдлын ажилтнууд өргөн хүрээг хамарсан сүйрлийн цар хүрээг баталгаажуулсны дараа энэ тоо өсөх хандлагатай талаар мэдээлжээ.

Батлагдаагүй мэдээллээр, одоогийн байдлаар амиа алдсан хүний ​​тоо 300 давсан гэж BBC агентлаг мэдээлсэн байна.

Херат төв эмнэлгээс авсан гэх видео бичлэгээс үзэхэд, төв байрны гадна талын асфальтан дээр олон тооны хохирогч дуслаар эмчилгээ хийлгэж буйг  харуулжээ.

Оюутан Идрис Арсала “Франс Пресс” агентлагт “Нөхцөл байдал маш аймшигтай байсан, би ийм зүйлийг хэзээ ч мэдэрч байгаагүй” гэж ярьсан байна.

Герат нь Ирантай хиллэдэг хилээс зүүн тийш 120 км зайд оршдог бөгөөд Афганистаны соёлын нийслэлд тооцогддог. Дэлхийн банкны 2019 оны мэдээллээр, тус мужид 1.9 сая орчим хүн амьдардаг гэсэн судалгаа гарчээ.

Афганистан улс газар хөдлөлтөд байнга өртдөг. Өнгөрсөн оны зургадугаар сард Пактика мужид 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлж, 1000 гаруй хүн амиа алдаж, олон арван мянган хүн орон гэргүй болж байв.

Эх сурвалж: CNN, REUTERS, FRANCE PRESS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу