Шведийн нийслэл Стокхолм хотноо Нобелийн долоо хоног өнгөрсөн Даваа гараг (2023.10.02)-т албан ёсоор эхлэв. Энэ өдөр физикийн салбар, Лхагва гарагт химийн, Пүрэв гарагт уран зохиолын салбарын Нобелийн хороод шийдвэрээ зарласан.

Осло хотноо өнгөрсөн Баасан гарагт Энх тайвны Нобелийн шагналтныг тодруулав. Маргааш буюу энэ сарын 9-ний өдөр, 1968 онд Шведийн Төрийн банкны бий болгосон, Алфред Нобелийн нэрэмжит эдийн засгийн салбарын шагналын эзэн тодорно.

Альфред Нобель (1833-1896) гэрээслэлдээ физиологи, анагаах ухааны салбарын шагналтныг шалгаруулах ажлыг 1810 онд байгуулагдсан, одоо дэлхийн боловсрол, шинжлэх ухааны тэргүүлэх төвүүдийн нэг болсон Стокхолм дахь Каролины хүрээлэнд даатган үлдээжээ.

Тус хүрээлэнгийн дэргэдэх Нобелийн хороо байнгын таван гишүүнтэй бөгөөд зөвлөлдөхийн тулд шинжээчдийг урих эрхтэй. Нобелийн шагналд нэр дэвшүүлэх эцсийн хугацаа энэ оны нэгдүгээр сарын 31-нд дууссан байна.

Нобелийн хорооноос шагналд нэр дэвшсэн хүмүүсийн тухай, эсвэл тэднийг дэвшүүлсэн хүмүүсийн талаар сүүлчийн мөч хүртэл мэдээлдэггүй.

1901 онд Нобелийн шагналыг олгож эхэлснээс хойш хамгийн түрүүнд физиологи, анагаах ухааны салбарын шагналтнуудын нэрсийг тодруулдаг уламжлал тогтжээ.

Шинжлэх ухааны салбарт судалгаа хийж, хүн төрөлхтний хувьд чухал нээлт хийсэн эрдэмтдэд олгодог нэр хүндтэй уг шагналыг 113 удаа олгож, 225 хүн хүртсэний 12 нь эмэгтэй байжээ. Хамгийн залуу шагналтан нь 1923 онд инсулинийг нээснийхээ төлөө 32 настайдаа уг шагналыг хүртсэн Фредерик Бантинг бол хамгийн ахмад болох Пэйтен Роуз 1966 онд хорт хавдар үүсгэгч вирусийг илрүүлснийхээ төлөө 87 настайдаа хүртэж байжээ.

Стокхолмд ирэх арванхоёрдугаар сарын 10-нд энэ жилийн шагналтнуудаар тодорсон хүмүүст шагнал гардуулах ёслол болох юм.


Нобелийн Энх тайвны шагналыг Ираны
эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч хүртлээ

Нобелийн 2023 оны Энх тайвны шагналын эзнээр Ираны эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч идэвхтэн Наргес Мохаммади тодорлоо. Нобелийн хороо “Тэрбээр Иран дахь эмэгтэйчүүдийг  дарангуйлахын эсрэг тэмцэж, хүн бүрийн эрх, эрх чөлөөг хангахын төлөөх хүчин чармайлтынхаа төлөө энэхүү шагналыг хүртэж байна” гэж мэдэгдэв.

Н.Мохаммади Ираны идэвхтэн, Хүний эрхийг хамгаалагчдын төвийн дэд дарга юм. Тус төвийг Нобелийн шагналтан Ширин Эбади үүсгэн байгуулжээээ.

Идэвхтэн бүсгүй 2011 оноос хойш хэд хэдэн удаа шоронд хоригдох ял авсан бөгөөд өдгөө “суртал ухуулга тараасан” хэргээр Техраны “Evin” шоронд хоригдож буй юм. Тэрбээр энэ жил мөн BBC-гээс тодруулдаг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйн нэгээр шалгарсан билээ.

Өнгөрсөн онд Иран улсад эмэгтэйчүүдийн эхлүүлсэн жагсаал болсноос хойш жил гаруйн дараа Нобелийн хороо Н.Мохаммадид Энх тайвны шагнал олгох шийдвэрийг гаргав.

2022 оны есдүгээр сард Махса Амини гэх 22 настай бүсгүй толгойн алчуураа зохих ёсоор зүүгээгүй хэргээр Ираны ёс зүйн цагдаа нарт саатуулагдаад байх үедээ учир битүүлгээр нас барсны дараа орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн юм.

Иран эмэгтэйчүүд толгойн алчуураа шатааж, “эмэгтэйчүүд, амьдрал, эрх чөлөө” хэмээн хашгирч буй дүр зураг дэлхий нийтийн анхаарлыг татсан. Тус улсын эрх баригчид эсэргүүцлийн жагсаалыг хүч хэрэглэн дарснаар намжсан юм.

Н.Мохаммади Иран улсын Занжан хотод 1972 оны дөрөвдүгээр сарын 21-нд төрсөн. Тэрбээр Имам Хомейнигийн нэрэмжит Олон улсын их сургуулийг физикийн мэргэжлээр суралцаж төгсжээ.


Утга зохиолын салбарын Нобелийн шагналтан Юн Фоссе

Утга зохиолын салбарын Нобелийн 2023 оны шагналтнаар Норвегийн зохиолч Юн Фоссе тодров. Нобелийн хороо түүний үгээр илэрхийлшгүй зүйлсийг гаргаж ирсэн шинэчлэлийн шинжтэй жүжиг, үргэлжилсэн үгийн зохиолуудынх нь төлөө энэ шагналыг олгож байгаагаа онцолсон байна.

Юн Фоссе 1959 онд төрсөн, өдгөө 64 настай. Жүжиг нь тайзнаа тавигдсан тоогоороо Хенри Ибсений дараа ордог байна. Тэрбээр өөрт нь Нобелийн шагнал хүртээсэн тухай мэдээг сонсоод “Маш их догдолж, бас бага зэрэг айдас төрж байна. Мөн бусад үзэл хандлагаас ангид юу юунаас түрүүнд цэвэр утга зохиолыг дээдэлсэн утга зохиолд өгсөн шагнал гэж харж байна” гэж “Reuters” агентлагт ярилцлага өгөхдөө ярьсан байна.

Үүний өмнөх 2022 оны утга зохиолын Нобелийн шагналтнаар францын зохиолч эмэгтэй Анни Эрно тодорч байсан бол, 2021 оныхыг Танзанийн зохиолч Абдулразак Гурна хүртэж байв.


Химийн салбарын 2023 оны Нобелийн шагналтнууд

Химийн салбарын Нобелийн 2023 оны шагналыг квантын цэгүүдийг нээж, нийлүүлэгжүүлэхэд оролцсон гурван эрдэмтэн хүртэв.

Уг шагналыг Америкийн эрдэмтэн Мунги Бавенди, Луис Брюс, мөн 1990 оноос хойш АНУ-ын “Nanocrystals Technology Inc” компанид ажиллаж буй Оросын эрдэмтэн Алексей Екимов нарт олгохоор шийдвэрлэжээ.

Нобелийн хороо мэдэгдэлдээ, нано хэсгүүд болон квантын цэгүүд LED чийдэн, телевизийн дэлгэцэд ашиглагддаг бөгөөд түүнчлэн хорт хавдрын эд эсийг устгахад мэс засалчдыг удирдан чиглүүлэхэд ашиглах боломжтой гэж дурдсан байна.

Өнгөрсөн онд АНУ-ын эрдэмтэн Каролин Бертоззи, Барри Шарплесс, мөн Данийн эрдэмтэн Мортен Мелдал нар химийн салбарын шагналыг хүртсэн бөгөөд тэд “клик-хими ба биоортогональ химийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.


Гэрлийн мөн чанарыг судалсан эрдэмтэд физикийн салбарын
Нобелийн шагналыг хүртэв

Франц-америк гаралтай эрдэмтэн Пьер Агостини, унгар-австри гаралтай эрдэмтэн Ференц Краус, Францын судлаач Анн Л’Юилье нар энэ оны физикийн салбарын Нобелийн шагналыг хүртэв.

Шведийн эзэн хааны академийн Нобелийн хорооноос мэдэгдсэнээр, тэдэнд “бодис дахь электронуудын хөдөлгөөнийг судлахын тулд аттосекундын гэрлийн импульс үүсгэдэг аргуудыг нээснийх нь төлөө” энэхүү нэр хүндтэй шагналыг олгохоор шийдвэрлэжээ.

1901 оноос хойш физикийн салбарын Нобелийн шагналыг 116 удаа олгож, 222 хүн хүртжээ.

Өнгөрсөн онд уг шагналыг Францын иргэн Ален Аспет, Америкийн эрдэмтэн Жон Клаузер, Австрийн судлаач Антон Зейлингер нарт хүртсэн. Тэд квант механикийн салбарт агуу Эйнштейн ч алдаа хийж болохоор таамаглалыг туршилтаар нотолжээ.


Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд 

Энэ оны физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эзнээр Унгарын эрдэмтэн Каталин Карико, Америкийн судлаач Дрю Вайсман нар тодров.

Эрдэмтэд “нуклейн хүчлийн суурийг өөрчлөх чиглэлээр нээлт хийж, COVID-19-ийн үр дүнтэй mRNA вакциныг гарган авах боломжийг олгосныхоо төлөө” уг шагналыг хүртжээ.

Дэлхий даяар COVID-19 хэмээх аймшигт цар тахал дэгдэж, бусад тахал өвчний аюул маш их байгаа энэ үед тэдний ажил үнэлж баршгүй үнэ цэнтэй гэж Нобелийн хороо шийдвэрээ тайлбарласан байна.

Өнгөрсөн оны шагналыг Шведийн ген судлаач Сванте Паабо “устаж үгүй болсон гоминидын ген ба хүний хувьслын талаар хийсэн нээлтүүдээрээ” хүртсэн билээ.

Эх сурвалж: TASS, BBC
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу