Израилийн арми өнөөдөр (2023.10.08) Палестины алан хядагч бүлэглэлийн дайчидтай найман байршилд тулалдаж байгаа ажээ. Эдгээр нь Сдерот, Яхини, Кфар Аза, Суфа, Беери, Киббутц Реим, Киссуфим, Зиким гэдэг стратегийн чухал байршлууд юм байна.

Израилийн Батлан ​​хамгаалах хүчин (IDF)-ий хэвлэлийн албанаас мэдээлснээр, тус хүчин өнөөдөр (2023.10.08) террорист ХАМАС бүлэглэлийн “тагнуулын алба”-ны барилгуудад цохилт өгчээ.

Хэвлэлийн мэдээнд “Израилийн зэвсэгт хүчний сөнөөгч онгоцууд террорист ХАМАС бүлэглэлийн тагнуулын албаны байранд цохилт өглөө. Одоогийн байдлаар Израилийн арми Газын зурвас дахь террористуудын объектуудад цохилт өгсөөр байна” гэж дурджээ.

Агаарын цохилтын улмаас 250 гаруй хүн амиа алдсан тухай Палестины албаны хүмүүс мэдэгджээ.

CNN агенттлагийн мэдээлснээр, Өрнөдийн орнууд ХАМАС-ын халдлагыг буруутгаж, Израилийг дэмжихээ мэдэгдсээр байна.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай утсаар ярихдаа энэ байр суурийг илэрхийлжээ.

Израиль улстай харилцаагаа хэвийн болгохыг зорьж буй Саудын Арабын эрх баригчид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаагаа илэрхийлээд талуудад даруй галаа зогсоохыг уриалсан байна.

2020 онд Израиль улстай дипломат харилцаа тогтоосон Арабын Нэгдсэн Эмират Улс бас галаа зогсоож, сөргөлдөөнөө намжаахыг талуудад уриалжээ.

Харин Иран улсын дээд удирдагч Аятолла Аль Хамени “Бид Палестины дайчдад халуун баяр хүргэж, тэднийг газар нутгаа, ариун Иерусалемыг чөлөөлөх хүртэл нь дэмжих болно” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN, BBC, TIMES OF ISRAEL
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу