Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охин хичээлдээ явахаар гэрээсээ гараад сураггүй алга болсон. Харамсалтай нь, охиныг 77 цагийн турш эрэн хайсны эцэст амиа алдсан байдалтай байхад нь цагдаагийн алба хаагчид олсон юм. 

Охиныг хөнөөсөн хэрэгт Г.Гантулга гэх этгээдийг сэжиглэж буй. Сэжигтэн Г.Гантулга нь 1976 онд Улаанбаатар хотод төрсөн, 47 настай. Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй. Өмнө нь таван удаагийн хэргээр шүүхээс ял сонсож байсан.

Эхний хэргээ 19 настайдаа буюу 1995 онд үйлдсэн. Тухайн үед хулгайлах гэмт хэрэг хийж, шүүхээс зургаан сарын ял сонсож байжээ. Үүний дараа насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх, хулгайлах, дээрэмдэх зэрэг хэргүүдийг үйлдэж, 12 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Энэхүү ялаа эдэлж, хоригдож байхдаа хоёр удаа оргосны улмаас нэмж 8.3 жилийн ял авчээ.

Сүүлд нь 2014 онд олон тооны утас хулгайлсан хэргээр зургаан жилийн ял сонссон. Ингээд 2016 оны есдүгээр сард Төв аймгийн Баян сум дахь Хорих 415 дугаар ангиас сайн засарч, хүмүүжсэн гэх магадлангаар суллагдсан байгаа юм. Тэрбээр бага насны хүүхдийг хүчиндэх хэргийг 1997 онд анх үйлдэж, тухайн үед түүнийг ЭЦА-наас эрэн сурвалжилж байжээ. Энэ үед Эргүүл хамгаалах 0801-р хороонд ажиллаж байсан эргүүлийн цагдаа Л.Амгалан түүнийг барьж байсан аж. Бид сэрэмжлүүлэг болгох үүднээс тухайн үед юу болсон талаар Л.Амгалантай уулзаж ярилцлаа.


-Та одоо цагдаагийн байгууллагад ажилладаггүй, хувиараа бизнес эрхэлдэг юм байна. Цагдаад хэр удаан ажиллав?

-1994 онд аравдугаар ангиа төгсөөд, 1995 оноос Эргүүл хамгаалалтын 0801-р хороонд (одоогийн Эргүүл хамгаалалтын газар) эргүүлийн цагдаагаар ажиллаж эхэлсэн юм.Түүнээс хойш таван жил ажиллаад, 2000 онд хүнд нөхцөлд орсны улмаас ажлаасаа гарч байлаа.

-Олныг сэрдхийлгэсэн, маш аймшигтай хэрэг боллоо. Эл хэргийг үйлдсэн гэгдэж буй сэжигтнийг 1997 онд эрэн сурвалжилж байхад нь та барьсан удаатай юм байна. Тухайн үед юу болсон юм бэ?

-Г.Гантулгын хийсэн хэргийг Эрүүгийн цагдаагийн албаныхан мөрдөж байсан юм билээ. Энэ этгээд нэг хэрэг хийчихээд, хэсэг хугацаанд завсарлаж байгаад, дараагийн хэргээ үйлдэх маягаар цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүйгээр олон гэмт хэрэг хийсэн. Ингэхдээ бүгдийг нь урьдчилж судалсан байгаа юм. Нэг хэсэг эзэн нь олдохгүй олон хэрэг гарсан. Хэргийн хохирогчдоос ам зураг гаргуулаад автал бусад хэргүүдтэй нь ижил хүний дүрс гарч ирсэн юм билээ. Ингээд л эрэн суралжилж эхэлсэн. 

ЭЦА-наас нэг өдөр манай Эргүүл хамгаалалтын хороонд ирж, биднийг жагсааж байгаад ам зураг харуулан “Эргүүлд гарахдаа энэ хүнийг харж яваарай” гэж хэлсэн юм.

1997 оны долдугаар сарын 29-нд би ажилдаа гарах гээд бэлдэж байтал манай хаалгыг нэг хүн тогшсон. Хаалганы дурангаар харангаа “Хэн бэ” гэтэл манай хажуугийн айлын хүний нэрийг хэлээд, гэртээ байгаа эсэхийг асуусан юм. Тэгэхээр нь “Наад хүн чинь ажилдаа явчихсан байх аа” гээд явуулсан. Дурангаар харах үед өнөөх ам зураг дээрх гэмт хэрэгтэнтэй төстэй байгааг анзаарсан. Тэгээд л араас нь гарч, орцны үүдэнд бичиг баримтаа шалгуулахыг шаардсан юм.

Гэтэл тэр нөхөр “Миний бичиг баримт хажуугийн орцны найзынд маань байгаа. Хоёулаа хамт манай найзынх руу очоод, бичиг баримт авчихъя” гэсэн. Тэгэхээр нь торгоох гэж байтал зугтаад, нөгөө айл руугаа орчихсон. Тэнд хэргийн нотлох баримтуудаа нуусан юм шиг байна лээ. Эргээд гараад ирэхэд нь би хоёр цохиж унагаад, бүсээр гарыг нь ард нь хүлээд, цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгч байсан. Ингээд бие муутай ээждээ хоолыг нь хийж өгөхөөр гэр рүүгээ буцсан юм. Дуусаад эргээд очтол ЭЦА-наас өнөөх этгээдийг мөн байна гэж тогтоогоод аваад явчихсан байсан. 

-Тэр үед хажуугийн тань айлын хүнийг хохироохоор санаархаж байжээ?

-Тийм юм шиг байна лээ. Энэ этгээд айл руу шууд яваад орчихдоггүй. “Цэвэр ус ашиглалтын гэрээ” гэсэн олон ширхэг хувилсан цаастай. Мөн хар цүнхтэй. Цүнхэн дотроо скоч, мяндсан утас зэргийг хийчихсэн байсан. Тэр цаасаа харуулаад, гэрээ хийх гэж байна гэж айлуудаар ордог байсан юм билээ. Тэгээд л тухайн айлд эмэгтэй хүн, бага насны хүүхэд байна уу гэхчилэнгээр ажигладаг. Хэрэв тухайн айлд харгалзах хүнгүй бага насны охин байвал “зовоодог”. Эмэгтэй хүн байвал айлгаж, дээрэмддэг. Насанд хүрсэн эрэгтэй хүн байвал цэвэр ус ашиглалтын гэрээгээ хийгээд гардаг байсан гэсэн. Энэ маягаар 20 орчим хэрэг үйлдсэн байхад нь би барьсан юм билээ. 

-1997 оны долдугаар сард баригдаад, шүүх хурал нь 1998 оны гуравдугаар сард болж, 12 жилийн ял сонссон юм байна, тийм үү?

-Тийм. Ийм олон удаагийн үйлдэл хийсэн хүнд хэт бага ял оноочихлоо доо гэж тухайн үед бодож байлаа. 

Г.Гантулгыг барьсны дараа сонинд ярилцлага өгч байжээ.

-Бага насны хүүхдийг хүчиндсэн бол 20 хүртэлх жилийн хорих ял оноох хуулийн заалттай. Үүнийг 25 хүртэлх болгож, нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн барихаар болсон гэж ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдэгдсэн. Монгол Улсын ялын энэ бодлогын талаар та юу хэлэх вэ?

-Хүчингийн хэрэг үйлдсэн этгээдийг насаар нь хорьдог болгомоор байна. Нэг хүний амьдралыг насан туршид нь мартагдахгүй аймшигтай хар толботой болгож байна гэсэн үг шүү дээ. 

-Г.Гантулга 90-ээд оны сүүлээр бас л олон нийтийг сэрдхийлгэж явсан этгээд юм байна. Энэ хүн 2016 онд магадлангаар суллагджээ. Таны барьж байсан хүн дахиад л аймшигтай хэрэг үйлдчихлээ. Үүнийг мэдээд танд ямар санагдсан бэ?

-Их хүнд туссан. Охин алга болсон гэдэг мэдээг сонсчихоод “Энэ Г.Гантулга хаагуур, юу хийж яваа бол, шоронгоос гарч ирсэн юм болов уу” гэж бодож байсан юм. Гэтэл маргааш нь сайтууд зургийг нь тавиад эхэлсэн. Хараад дотор палхийгээд л явчихсан. Эрүүгийн хүнд гэмт хэрэгтнийг суллагдсаных нь дараа хянаж байх ёстой атал хараа хяналт тавихгүй явсаар хүний аминд хүрчихлээ.

-Ер нь та яагаад цагдаа хийхээ больсон юм бэ?

-Асуудалтай л даа. Ээж маань хорт хавдартай, хэвтэрт байсан. Эмнэлгээс нь эмчилгээгүй гээд гаргачихсан юм. Ээжийнхээ хоол цайг нь дөхүүлэнгээ ажлаа хийгээд л явдаг байсан. 97 онд ЭЦА-наас өнөөх хэрэгтний ам зургийг харуулахаар ирэхдээ хэрэв баривал “Цагдаагийн алдар” одонгоор шагнаж, Цагдаагийн академид урилгаар элсүүлнэ гэж хэлж байсан. Өнөөх хэрэгтнийг нь барьсныхаа дараа би ээждээ Цагдаагийн академид элсэж, сурахаар болсон гээд хэлчихсэн байсан юм. Тэр үед ээж маань маш их баярлаж, “урилгыг нь нэг харчих юмсан” гэж билээ. Хүүгийнхээ академид элсэхийг харж чадалгүй ээж минь өөд болсон. Тэр үед ээжийгээ алдчихсан, их сургуульд орно гээд баярлаж байсан маань бүтээгүй учир үнэхээр хүнд санагдаад ажлаасаа гарч, Солонгос явсан даа.

-Цагдаагийн академид элсэх урилга нь яасан бэ?

-Өгөөгүй.

-Солонгост олон жил болжээ. Тэр улсад яг үүн шиг хэрэг үйлдсэн эрүүгийн гэмт хэрэгтнийг суллагдахад нь хэрхдэг юм бол. Судалж үзэв үү?

-Би 2001-2017 оны хооронд Солонгост ажиллаж, амьдарсан юм. Зөвхөн Солонгост гэлтгүй олон улсад ийм төрлийн гэмт хэрэгтний хөлд нь чип суулгаж, байнгын хяналтад байлгадаг. Манайд ямар арга хэмжээ авдгийг мэдэхгүй юм. 

Ямартай ч заавал хяналтад байлгах ёстой. Хяналтгүй байсны улмаас ийм харамсалтай явдал тохиолдлоо. 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:

                 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

  1. монголын цагдаа хэргииг хамраа сөхөөд тоодоггуй юм билээ.тэгээд том аллага дээр ажилладаг аргагуй хөөрхии гж бодсн.тэгтэл саяны хэрэг дээр туухайтай бөгстэйгээ харууллаа.мэрэгжлиин ур чадваргуй мэдрэмжгүй сэтгэлгүй энэ цагдаа мөрдөгч нараа.хохирогчтой ялтан адил харьцана.яах гэж энэ мэргэжлииг сонгож бөглөөс болном бэ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу