Жилийн өмнө Шри Ланк улсын Засгийн газар зээлээ төлж чадахгүй өрөнд орж, дефолт зарласан. Эдийн засгийн гадаад болон дотоод цочмог цохилтод дараалан өртөж, улсынх нь санхүүгийн байдал муудсаны улмаас тус улс “дампуурч” байв.

Яг үүний араас Монгол Улс дефолт зарлах эрсдэл бодитоор нүүрлэсэн ч “аз ивээсэн” талаар Сангийн сайд Б.Жавхлан саяхан эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзахдаа ам нээж, “зовлон”-гоосоо хуваалцсан юм.

Хэрвээ хөрөнгө оруулагчид итгэл хүлээлгээгүйсэн бол Чингисийн Монгол дампуурлаа зарлаад, ертөнцийн шившиг болох байсан нь гашуун үнэн.

Эдийн засагчид өнгөрсөн хугацаанд “Монгол Улс дефолт зарлахад тун ойрхон байна” гэж анхааруулж, санаа зовниж буйгаа илэрхийлсээр байв. Гэвч эрх баригчид “дефолт зарлахгүй” гэж итгэлтэй гэгч нь хэлж, тайвшруулж байсан билээ.

Өнгөрсөн онд буюу 2023 оны төсвийг өргөн барих үед гадаад өрийн нөхцөл байдал маш хүнд байв. Гэвч 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар Монгол Улс дефолт болох эрсдэлээс бүрэн ангижирсан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд “Чингис бонд”-ын үлдэгдэл болох 136 сая ам.доллар, тавдугаар сарын 1-нд “Гэрэгэ бонд”-ын 368 сая ам.долларыг бүрэн төлж дууссан. Нийтдээ 1 тэрбум 656 сая ам.долларын өрийн зохицуулалтыг энэ Засгийн газар хийж чадсан “гавьяатай”.

Сангийн сайд Б.Жавхлан “Гэрэгэ”, “Хуралдай” бондуудыг дахин санхүүжүүлэх ам.долларын бондыг таван жилийн хугацаатай гаргаж, амжилттай арилжсан талаар мэдээлж байв. Тэрбээр тухайн үед “Энэ жилийн тавдугаар сард төлөгдөх “Гэрэгэ” бондын 530 сая ам.доллар, дараагийн жил төлөгдөх засгийн газрын “Хуралдай” бондын 600 сая ам.доллар буюу нийт 1.1 тэрбум ам.доллар орчимд Засгийн газрын өрийн зохицуулалт хийх зорилттой ажилласан.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд манай гадаад зах зээл хаалттай байлаа. Засгийн газраас үүрэг авч, арванхоёрдугаар сард өрийн зохицуулалт хийх гэтэл ташаа мэдээллээс болж амжилтгүй болсон юм. Бид зах зээлээ судалж байгаад, олон сар жил бэлдэж ажилласны үр дүнд нэг өдөр танилцуулгаа хийж, нэг өдөр арилжаагаа хийсэн. Арилжаа хийгдээд үүрийн 04:00 цагт хаасан.

Бидний зорилтот хэмжээ таван жилийн хугацаатай 650 сая ам.долларын бонд гаргах байсан. Хүү нь 11-12 хувь гэж бодож орсон. Гэтэл 650 сая ам.долларын бондын хэмжээнд 138 хөрөнгө оруулагчаас нийт 4 тэрбум ам.долларын захиалга ирсэн. Үүний үр дүнд хүү нь 8.65 хувь болж буурч чадсан. Энэ бол маш том амжилт.

АНУ-ын Төв банкны хүү нэг байхад “Гэрэгэ” бондыг 5.7%, “Хуралдай” бондыг 8.75%-аар гаргаж байсан. Харин өнөөдөр АНУ-ын Төв банкны хүү 4.3 хувь байгаа үед 8.65 хувиар бонд гаргаж чадлаа.

Энэ бол гадны хөрөнгө оруулагч нарын хувьд манай Засгийн газрын үйл ажиллагаанд өгч буй эерэг дүгнэлт гэж харж болно. Манай гадаад өрийн менежментэд итгэж буйн илрэл” гэж мэдээлж байв.

Бонд гаргаж чадаагүй бол…

Хэрвээ бонд гаргаж чадаагүйсэн бол Монгол Улсад эдийн засгийн маш том хямрал болох байсан. Төгрөгийн ханш суларч, худалдан авах чадвар буурч, ядуурал улам нэмэгдэх байв. Экспортоо нэмэгдүүлж, гадаад хөрөнгө оруулалт татаж болох ч дефолт болсон орон гэдгээрээ улсын нэр хүнд унаж, тэр хэрээр гадаад хөрөнгө оруулагчид орж ирэх нь эргэлзээтэй болох байв.

Мөн нэг эрсдэл нь Монгол Улсын түүхий эдээ экспортолж байгаа гол орон БНХАУ “танай юмыг авахгүй” гэчихвэл бид “сөхрөх” байлаа. БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдал цар тахалтай холбоотойгоор амаргүй байсан үе. Хятадын эдийн засгийн төв хот Шанхай хатуу хөл хорионд байх үед БНХАУ хямарсан бол түүхий эдийн эрэлт буурч, Монгол Улс мөнгөгүй “чөтгөрийн тойрог”-т орох байв.

Хэрвээ дефолт болчихвол нефтиэ ч авч чадахгүй, гадаад улсын хараат болох хэмжээнд хүрэх байлаа. Энэ бол бидэнд маш том сургамж. Учир нь бид өрөө өрөөр солиод л яваа…

Эдийн засгийн өсөлт, эерэг төсөөлөл

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар жилийн өмнө валютын нөөц 2.4 тэрбум ам.доллар болж, төгрөгийн ханш өдөрт 2-6 төгрөгөөр хэлбэлзэн унаж, улмаар 2022 оны аравдугаар сарын 5 буюу яг нэг жилийн өмнө Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх талаар Засгийн газраас шийдвэр гаргаж байсан талаар өнгөрсөн Лхагва гарагт мэдээлсэн.

Тэрбээр “Нэг жилийн дотор нэгдүгээрт, Монгол Улсын валютын нөөц 4.1 тэрбум ам.долларт хүрч, 1.6 тэрбум ам.доллароор нэмэгдээд байна. Хоёр дахь үр дүн гэвэл энэ оны эхний 8 сарын байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.5 хувь болсон. Гуравдугаарт, төгрөгийн ханш харьцангуй тогтворжиж байна.

Төгрөгийн ханш унаж, хамгийн дээд талдаа Монголбанкны албан ёсны ханшийн мэдээллээр нэг ам.доллар 3525 төгрөгтэй тэнцээд байсан бол өнөөдрийн ханш 3457 төгрөг болоод байна.

Дараагийн үр дүн гэвэл Монгол Улсын экспорт нэмэгдсэн. Энэ оны эхний есөн сарын байдлаар нүүрсний экспорт 47 сая тоннд хүрч, үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 сая тонноор нэмэгдээд байна.

Зэсийн баяжмалын экспорт 1 сая 154 мянган тоннд хүрч, өнгөрсөн онтой харьцуулахад 5 хувиар өслөө. Төмрийн хүдэр 4.2 сая тонныг экспортолж, өнгөрсөн онтой харьцуулахад 33 хувиар, газрын тосны экспорт 3 сая баррель болж, өнгөрсөн оныхоос 2 сая баррелиар тус тус өсжээ.

Ч.Хүрэлбаатар сайд “Монгол Улсын эдийн засаг оны эхний нэгдүгээр улиралд 7.9 хувиар өссөн талаар мэдээлсэн. Тэрбээр “Валютын нөөц 3.8 тэрбум ам.долларт хүрснээс үзэхэд, манай улсын валютын нөөц тогтвортой, байнга өссөн дүр зурагтай байна.

Эдийн засаг өсөхөд гадаад эрэлт ихээхэн нөлөө үзүүлж буй. Нүүрс олборлолт 3.3 дахин өссөн. Түүнчлэн “Оюутолгой” компани төлөвлөж байснаасаа 43 хувиар илүү үйлдвэрлэл явуулж байгаа нь эдийн засаг өсөх таатай нөхцөлийг бүрдүүлж байна” гэж мэдээлж байв.

Азийн хөгжлийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2023 онд 5.4, 2024 онд 6.1 хувиар тус тус нэмэгдэхээр байгаа талаар мэдээлсэн. Уул уурхайн салбар сэргэж, экспорт нэмэгдсэн нь тээвэр бусад салбарт эерэгээр нөлөөлсөн гэж дүгнэсэн.

 

Бүс нутгийн эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй сайжирч, Монгол Улсад бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт доголдох, гадаад худалдаа тасалдах эрсдэл буурсан. Үүнтэй уялдан жилийн дундаж инфляцын түвшин 2023 онд 10.9 хувь, 2024 онд 8.7 хувь болж (Монголбанкны зорилтот түвшинд ойртож), 2022 оны өндөр түвшний үзүүлэлтээс алгуур буурна гэсэн дүгнэлт гарсныг танилцуулсан билээ.

Гэвч гаднын орнуудаас авч буй асар их хэмжээний өр зээл хэзээ монголчуудад лай ланчиг болох вэ гэдэг асуулт үргэлж бийг мартаж болохгүй. Дефолт Монгол Улсаас төдийлөн алсраагүй…

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу