Монголчууд хамгийн олноор оршин сууж буй улс орнуудын нэг болох Австралитай “Open sky” хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгааг ЗТХЯ-наас мэдээллээ. Ингэснээр тус улс руу шууд нислэгтэй болох аж.

Монгол Улсаас 2024 оны хоёрдугаар улирлаас АНУ руу шууд нислэг үйлдэх боломжтой болоод буй. Ингэснээр тийзийн үнийг 1000-1500 ам.доллар болгон бууруулж, нислэгт зарцуулах хугацаа 10-12 цаг болох юм байна. Эхний ээлжид АНУ-ын Сан-Франциско хот руу нислэг үйлдэхээр төлөвлөжээ.

Мөн энэ оны наймдугаар сард Монгол Улсаас Грек улс руу шууд нислэгтэй болох хэлэлцээр байгуулсан билээ. 

2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан визийн шаардлагаас 34 улсыг чөлөөлсөн юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс дэлхийн 42 улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, дэлхийн 115 цэг рүү шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлжээ. Тухайлбал, БНСУ-тай агаарын харилцааны хэлэлцээ хийж, Монгол, Солонгосын хооронд 7 хоногт нийт 70 нислэг буюу өдөрт дунджаар 10 нислэг үйлдэх эрх зүйн боломжийг бүрдүүлж, аялал жуулчлалын оргил ачааллын үед өдөртөө 12 хүртэлх нислэг хийгдсэн байна. Харин Япон улс руу  долоо хоногт 61, Турк рүү 28 нислэг үйлдэж байгаа аж.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу