“Mongolian Mining week 2023” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” чуулга уулзалт “Шангри-Ла” зочид буудлын хурлын танхимд болж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран зохион байгуулж буй уг чуулганаар салбарын бүх түвшний оролцогчид тулгамдсан асуудлуудаа таван өдрийн турш өргөн хүрээнд хэлэлцэх юм.

Энэ удаагийн чуулга уулзалтын платинум спонсороор “Энержи Ресурс-Хөгжлийн Төлөө”, “Эрдэнэс Монгол” ХХК, “Оюу Толгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголын Алт” ХХК-иуд оролцож буй бол гоулд спонсороор “Эрдэнэс Ресурс девелопмень корпораци”, “Степ Голд” ХХК-Алтан Цагаан-Овоо уурхай, “Бадрах энержи” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Гашуунсухайт авто зам” ХХК, “Монголросцветмет” ТӨҮГ ажиллаж байна.

Мөн “Болдтөмөр Ерөө Гол”, “МоЭнКо” ХХК, #Эм Эм Ди_Грийн_солюшн, #Ханаду_майнз компаниуд спонсоруудын жагсаалтад бичигджээ.

“Mongolian Mining week 2023” чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн зочдоос бидний эртний эчнээ танил, “Айвенхоу майнз” компанийн ТУЗ-ийн дарга, уул уурхайн хөрөнгө оруулагч Роберт Фрийдланд зочин илтгэгчээр оролцож буй бөгөөд 13.30-14.30 цагт илтгэл тавих юм.

Тэрбээр Оюу Толгой ордыг нээлцэж, Монголын эдийн засаг хоёр оронтой тоогоор өсөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг юм.

Монгол Улсын эдийн засаг 2011 онд 17.3 хувьд хүрч, дэлхийд хамгийн өндөр өсөлттэй орнуудын тоонд багтаж байв. 1993 онд 746.3 сая ам.доллар байсан дотоодын нийт бүтээгдэхүүн өнөөдөр 17.1 тэрбум ам.долларт хүрч, 23 дахин өсөхөд түлхэц болсон нөлөөлөгч болохыг эх сурвалж онцолж байна.

Роберт Фрийдланд Монгол Улс, “Оюу Толгой”-н талаар “Энэ бол дэлхийн алт, зэсийн шинэ нутаг. Энэ бол энгийн нэгэн уурхай биш, энгийн нэгэн ашигт малтмал агуулсан талбай ч биш. Энэ бол алт, зэсийн муж” хэмээн ярьж байсан билээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу