Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, Хотын даргаар томилогдох гэж буй Х.Нямбаатар өнөөдөр /2023.10.09/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэлээ. 

Тэрбээр “2017 оны долдугаар сарын 1-нээс эхлээд Эрүүгийн хуульд шинэ бүлэг оруулсан. Үүгээр хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оноох ялыг чангатгасан юм. Би сайдын ажлаа хүлээлгээд өгчихсөн учраас хууль зүйн бодлогын талаар асуудал ярих нь утгагүй хэрэг.

Эрүүгийн хууль, Эрүүгийн процессын хуультай хамт ял шийтгэлийн бодлогыг чангатгах төслүүдийг яаманд бэлдчихсэн байгаа. Үүнд шинэ сайд өөрийн гаргах бодлогоо нэмээд, УИХ-д танилцуулах байх. 

Үндсэн хуулийн суурь зарчмаар аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар миний нэрийг дэвшүүлээд, НИТХ-аар дэмжигдэж, Ерөнхий сайд батламжилж байж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болно. Үүнийг эцэслээгүй. Улс төрийн шийдвэр гарчихсан байна. 

Нийслэлийн Засаг дарга болоод хамгийн түрүүнд хийх ажил бол бүтцийн асуудал. Энэ данхар бүтцийг багасгаж, урсгал зардлуудыг хэмнэх ёстой. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сонгодог утгаар нь хэрэгжүүлнэ. Урсгал зардалд хэмнэгдсэн төгрөг болгоныг газар чөлөөлөлт рүү тавих ёстой. Энэ бүхнийг шийдэхийн тулд Нийслэлийн эрх зүйн байдал түүнийг дагасан хуулийг боловсруулах шаардлагатай.

Нэлээн хатуухан, хүндхэн шийдвэрүүдийг гаргах ёстой болно. Энэ нь дандаа хуулийн дагуу явагдана. Тэгэхээр тэр хуулийг боловсруулах баг байх хэрэгтэй гэсэн үг юм. Тийм учраас ХЗДХ-ийн яаманд ажиллаж байсан зарим нөхдөдөө хамтарч ажиллах санал тавина” гэлээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу