“Далд хүн” ТББ-аас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт “Хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг нэмэгдүүлэх” тухай шаардлагыг өнөөдөр (2023.10.09) хүргүүллээ.

“Далд хүн” ТББ-ын тэргүүн Б.Ууганбаяр:

-Эрүүгийн хуульд байгаа бага насны хүүхдэд чиглэсэн гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулах заалт нь өөрөө дутуу дулимаг байна. Байгаа ялын шинж чанар нь оновчтой бус. Ялыг ажил хөдөлмөр хийж хөнгөлдөг, цагийг нь багасгадаг, хугацааг нь богиносгодог асуудлыг больё. Ялангуяа бага насны хүүхдийн эсрэг хийсэн гэмт хэрэгтнийг насаар нь хорьдог болъё. Эсвэл 25 жил хатуу дэглэмтэй хорих ангид цаазаар авсан мэт ял эдлүүлье. Ялын зүйл заалтыг чангал өгөөч ээ гэж шаардаж байна.

Шинээр томилогдсон ХЗДХ-ийн сайд Энхбаяртай уулзах хүсэлт тавина. Одоо батлагдах гэж буй хуулийн төсөлд санал хэлж, хяналт тавьж оролцоно. Төрийн бус байгууллага энэ асуудалд хяналт тавьж оролцох эрхтэй. Нийгмийг засахын тулд иргэд хууль санаачлаад ажиллах ёстой гишүүдийн өмнөөс ажиллаад байна.

Өнөөдөр бүгд айдастай байна. Нийгмийн айдсыг арилгах ёстой хүмүүс нь эрх баригчид шүү дээ. Бид ажлыг нь өмнөөс нь хийж өгч байгаагаас ялгаагүй байна. Ийм ийм заалтуудыг засаад өгөөч, ингэж чангалаад өгөөч гэж хэлж, орилж явна.

“Далд хүн” ТББ-ын гишүүн н.Алтанцэцэг:

-Хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт ялын бодлогыг чангал гэж Ерөнхий сайд шинээр томилогдсон Хууль зүй, дотоод хэргийн сайдад үүрэг даалгавар өгсөн. Одоо байгаа хуульд 12-20 жил байдаг. Үүнийг 25 жил болгоод л болно гэж байвал эндүүрэл.

Бүх насаар нь гэдгийг авч хаяад, 25 жил болгож байгаа юу гэдэг нь ойлгомжгүй байна. Насаар нь хорих гэдэг ганц л заалттай болгоод өгөөч ээ гэж байгаа юм. Хаалттай хорих ангид ял эдлүүлж, өршөөл уучлалд хамруулахгүй, магадлангаар суллуулахгүй байхыг шаардаж байна.

Хүн төрөлхтний эсрэг ноцтой гэмт хэрэг дээр л өршөөл уучлал үзүүлдэггүй заалт байдаг. Үүн дээрээ хүүхдийн эсрэг гэмт хэргийг оруулаад өгөөч ээ.

Мөн 14 настай хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон байхад 450 мянгаас 5 сая 400 мянган төгрөг төлөөд өнгөрдөг, эсвэл гартаа гав зүүгээд, 6 сараас 1 жил гэртээ хэвтээд л болдог. Энэ утгагүй заалтаа болих хэрэгтэй. Энэ заалтыг 18 нас болгож өөрчлөөд, шууд насаар нь хорьдог болгож өгөөч гэсэн шаардлага тавьж байна. Энэхүү шаардлыг бичгээр үйлдэн хүргүүлж байна. Мөн хуулийн багтай хамтран ажиллаж байна. 

А.САЙХАН

1 сэтгэгдэл

  1. Эх орондоо хүн бүр ажилтай орлоготой болгоё.Нийгмийн бухимдал араатан төрүүлж бхйга.Араатнууд нэг бол үхэл эс бол насан туршийн хоол шоронгоо мөрөөддөг

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу