УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.10.09/ ээлжит хурлаа хийлээ. Хурлаар 2024 оны төсвийн төслийг хэлэлцжээ.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Бид улсын төсвөө бэлтгэх явцдаа өмнөх жилүүдийн улсын төсөвт хүндрэл учруулж байсан урсгал зардал, хөрөнгө оруулалт гэх мэт олон зүйлд төсвийн шинэчлэлийг шат дараатайгаар хийж яваа.

Өнгөрсөн хаврын УИХ-ын чуулганы сүүлийн өдрүүдэд Төсвийн хууль болон түүнийг дагасан хэд хэдэн хуульд дорвитой сайн өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөө 2024 оны төсөвт маш сайн барилаа. Тухайлбал, Өмнө нь зураг төсөвгүй, шинэ төслүүдэд хөрөнгө оруулалт төсөвлөдөг байсан. Үүнээс болоод төслүүд олон жилийн төсөвт суугдаж удаан үргэлжилж, үнэ нэмэгдэх хүндрэл гардаг байсан. Үүнийг бүрэн таслан зогсоосон. 

Ирэх жилийн хөрөнгө оруулалтууд маш чанартай. Тухайлбал, зураг, төсөвгүй нэг ч төсөл байхгүй. Бид 21 хоногийн дотор 16 аймгаар тойрч ард түмэн төсөвт оролцдог жишиг тогтоолоо. Энэ хүрээнд ирэх жил нэлээд хөрөнгө оруулалт тавигдана.

Мөн Эс эд эрхтэн шилжүүлэх эмнэлгийг барихаар ТЭЗҮ-г нь барууны стандартаар хоёр жил  бэлдсэн. 140 тэрбум төгрөгийн өртөгтэй энэ эмнэлгийг 40 тэрбумаар эхлүүлнэ. Ингээд төсөл амжилттай хэрэгжээд эхлэхээр гурван жилийн дараа Үндэсний эрхтэн шилжүүлэх эмнэлэгтэй болох юм.

Төсвийн алдагдлын тухайд бид төсвийн тусгай шаардлага бүрэн хангаж ажиллаж байгаа. Өнгөрсөн жилүүдэд маш өндөр алдагдалтай байсан. Энэ жилийн зарлагын өсөлтийг 22 хувь дээр барьж байна.

УИХ 126 гишүүнтэй болж буйтай холбогдуулан Төрийн ордонд ажиллах боломжийг хангах ёстой. Төрийн ордны засвар үйлчилгээг 12 тэрбум төгрөгт багтааж хийнэ. Цахим тоног төхөөрөмжүүд хуучирсан учир шинэчлэх шаардлагатай.

Багш мэргэжлээр суралцаж буй хүүхдүүдэд Засгийн газраас тэтгэлэг олгоно. Ойрын хугацаанд хөдөө орон нутагт багш боловсон хүчний дутагдалд орох судалгаа бий. Тиймээс багш мэргэжлээр суралцах хүүхдүүдийн ЭЕШ-ын босго оноог өндөр тавьж өгсөн.

2020, 2021 онуудад 4.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг туулж ирсэн. Эдийн засаг өсөж байгаа учраас улсын төсөв маань тэлнэ. Энэ жилийн зарлагын өсөлтийг 22.5 хувьтай байлгана. Энэ жил ДНБ 60 их наяд төгрөгт хүрнэ” гэж хэлэв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу