ХҮН намын дэргэдэх Бодлого, судалгааны хүрээлэнгийн судлаачид болон Монголын эдийн засагчдын клубын эдийн засагчид өнөөдөр (2023.10.09) ирэх оны төсвийн төсөлд хийсэн ээлжит дүгнэлт, зөвлөмжөө Төрийн ордонд танилцууллаа.

2024 ОНЫ ТӨСӨВ ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИЖ ЧАДСАНГҮЙ

Эдийн засагч Ц.ЛУТ-ОЧИР: 

-2024 оны мөнгөний бодлогод инфляцыг зургаа нэмэх хасах хоёр гэсэн тооцоолол хийсэн байсан. Төсвийн зарлага өндөр байгаа үед инфляцыг нэг оронтой тоонд барих боломжгүй.

Монголбанкны эдийн засагчдын хийсэн судалгаагаар, төсвийн зардлыг нэг их наяд төгрөгөөр нэмэхэд инфляц нэг хувиар нэмэгддэг гэсэн тооцоолол байдаг. 2024 оны төсвийн төсөлд зарлага нь таван их наяд төгрөгөөр нэмэгдэж орж ирсэн. Тэгэхээр ирэх онд инфляц 15 орчим хувьтай байх болов уу гэсэн тооцоолол хийсэн.

Төсөв их тэлэлттэй байгаа үед мөнгөний хатуу бодлого баримтлах ёстой. Учир нь төгрөгийн ханшийн тогтвортой байдал, худалдан авах чадварыг хангахын тулд Монголбанк мөнгөний хатуу бодлого баримтална.

Энэ нь бодит амьдрал дээр бизнес хийж буй хүмүүсийн зээлийн хүү өндөр хэвээр байна гэсэн үг. Нөгөө талдаа төсвийн өндөр зарлагыг дагасан авлига хээл хахууль, хулгай үргэлжлэх юм байна гэсэн дүгнэлт хийж болно.

2024 оны төсөв хувийн хэвшлийг дэмжиж чадсангүй. Дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан төсвийн зарлага нь 36.7 хувь байна. Энэ нь сүүлийн 10 жилд байхгүй түүхэн тоо юм.

Хувийн хэвшлийг дэмжих бус төсвийн зарлагыг дагадаг хүмүүсийн бизнес өргөждөг тогтолцоог тогтоох төсвийн төслийг өргөн барьсан нь ажиглагдаж байна. 2024 оны төсөв дунд болон урт хугацаандаа Монголын эдийн засгийн хөгжлийг боомилсон, үр өгөөжгүй, хулгайг дэмжсэн болж үлдэх гээд байгаа юм.

Үүнээс гарахын тулд төсвийн зардлаа багасгаж, алдагдалгүй төсөв батлахыг УИХ, Засгийн газраас шаардах хэрэгтэй байна.

ЭРХ БАРИГЧИД ИНФЛЯЦЫГ ХӨӨРӨГДҮҮЛЭХ, ГАДААД БОЛОН ДОТООД ТЭНЦВЭРИЙГ АЛДАГДУУЛАХ ТООЦООЛОЛ ХИЙЖЭЭ

Эдийн засгийн ухааны доктор Б.ОТГОНТӨГС:

-Засгийн газраас 2024 оны улсын төсөв өргөн барихдаа зарлагыг өмнөх оныхоос 5.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, 27.1 их наяд төгрөгөөр тооцсон нь сонгуульд зориулан бэлдсэн гэсэн үг.

Ирэх оны төсөв УИХ-ын тавдугаар сарын 31-ний өдөр баталсан “2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл”-д огт нийцээгүй. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн заалтуудыг зөрчсөн байна. Тухайлбал тус хуулийн 3.7-д “төсвийн төсөл боловсруулах, батлах, батлуулсан төсөвт нэмэлт өөрчлөлт оруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлнэ” гэж заасан байдаг.

Төсвийн хүрээний мэдэгдэлд заахдаа нэгдсэн төвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 21.1 их наяд байхаар, нийт зарлагын хэмжээг 22.1 их наяд байхаар зааж өгсөн. Гэтэл 2024 оны төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 25.2 их наяд төгрөг буюу 19.5 хувиар нэмэгдүүлж оруулж ирсэн. Харин нийт зарлагын хэмжээг 27.1 их наяд төгрөг буюу 19 хувиар нэмэгдүүлж оруулж ирсэн.

Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 2024 онд 74 их наяд төгрөг байхаар тооцсон байна. Энэ нь Монголбанкны мөнгөний бодлогын чиглэлд туссан хэмжээнээс гурван их наядаар их юм.

Монголбанк 2024 онд инфляцыг найман хувьд барих тооцоолол хийж байна. Гэтэл Засгийн газрын төсөв нь гурван их наядын зарлагатай орж ирэх нь Монголбанкны инфляцыг нэг оронтой тоонд барих бодлогод орон зай үлдээхгүй байна. Энэ нь манай улсын төсвийн бодлого болон төв банкны мөнгөний бодлого хоорондын уялдааг бага байгааг нотолж байгаа юм.

2024 оны төсвийн зардалд төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг дөрөвдүгээр сараас эхэлж 10 хувиар нэмэх гэж оруулсан байгаа нь сонгуульд зориулсан арга хэмжээ юм.

Учир нь сонгууль болохоос хоёр сарын өмнө иймэрхүү нэмэгдэл хийж байгаа нь төсвийн дарамтыг дунд, урт хугацаанд нэмсэн. Мөн нийт иргэний худалдан авах чадварыг таван хувиар бууруулах аюул учирна.

Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтыг 3.89 их наядаар төлөвлөсөн байна. Үүнийг энэ оны төсөвтэй харьцуулахад 20 хувиар нэмэгдэж гарсан тоо. Сонгуулийн жилд зориулж их хэмжээний төсвийн мөнгөөр хөрөнгө оруулалт хийх нь Засгийн газрын гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлнэ.

Хувийн хэвшилд хөрөнгө оруулалт хийх, зээл авах, жижиг дунд үйлдвэрийг ажиллуулах төсөл бус зөвхөн төсвөөс дамжуулж эдийн засгийг удирдах, зах зээлийн бус төвлөрсөн бус дэд бүтцийг хэвээр хадгалдаг, сонгуулийн тойрог усалдаг төсвийн төсөл оруулж ирсэн нь ажиглагдаж байна.

Ирэх оны төсвийг эрх баригчид хуульд заасан зарчим, хязгаарыг хэт их тэлж, инфляцыг хөөрөгдүүлэх, гадаад болон дотоод тэнцвэрийг алдагдуулах тооцоолол хийжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу