“Mining week-2023” уул уурхайн салбарын нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна. Чуулга уулзалтын онцлох зочноор “Айвенхоу Майнз” компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Р.Фрийдланд уригдсан бөгөөд тэрбээр арга хэмжээний эхний өдрийн онцлох илтгэлийг хэлэлцүүлж байна.

Роберт Фрийдланд хэлэхдээ “Бид МЭӨ 4000 жилээс МЭ-ний 2020 он хүртэл 700 сая тонн зэс олборлосон. Харин дараагийн 22 жилд 700 гаруй сая тонн зэс олборлох хэрэгцээ шаардлага бий. Яагаад гэвэл нүүрсний цахилгаан станцаа буулгах, утаа их гаргадаг тээврийн хэрэгслээ ухаалаг технологиор солиход зарцуулах юм.

Монгол Улсын хувьд дэлхий дээр зэсийн ордоороо толгой цохиж байна. Говьд нээгдээгүй олон орд бий гэж бодож байна. Газар доорх байгалийн баялгаа олох хэрэгтэй. Монгол Улс говьдоо маш их эрэл хайгуул хийх хэрэгтэй. Хийхгүй бол тэнэг хэрэг болно.

72 настай би 18-тай юм шиг л санагддаг. Цаг хугацаа нүд ирмэхийн зуур л өнгөрнө. Саяхан шинэ нээлт гэгдэж байсан зүйлс хөгшин болжээ.

Бид 2001 оны есдүгээр сарын 11-нд Оюутолгойг нээсэн. 2004 он хүртэл томоохон кампанит ажил явуулж байж Монгол Улсын ард иргэдийн бахархахуйц том ордыг олж нээн ашиглалтад оруулсан. Энэ бол Монголын ард түмний маш том баялаг. Дэлхий дээр Оюутолгой шиг 20 уурхай байж гэмээнэ хэвийн эрэлт хэрэгцээг хангана.

Монгол Улс Оюутолгойн ордоосоо үе дамжин үр ашгийг нь хүртэнэ. Миний хувьд одоо 72 настай. Би та бүхний энэхүү түүхийн элсний нэг ширхэг шиг хэмжээний хэсгийг л бүрдүүлж байна.

Монгол Улс одоо байгаа эрчээрээ цааш ажиллах хэрэгтэй. Найз нөхөд минь, гадаадын хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагчидтай хүндэтгэлтэй харьцаж, хамтын ажиллагаагаа өгөөжтэй өрнүүлж чадвал дараагийн Конго болоход бэлэн байна.

Залуу конгочууд уул уурхайн салбарт шинэ үеийн ажиллах хүчийг бэлтгэж байгаа. Монгол Улсын хувьд уул уурхайн салбарт дотоодын ажиллах хүч бий болсон байна. Монголчууд уурхайн нарийн мэргэжлийн ур чадвараараа дэлхийд тэргүүлэх боломжтой” гэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу