“Mining Week 2023” арга хэмжээний эхний өдрийн панел хэлэлцүүлэг “Салбар хоорондын уялдаа” сэдвийн хүрээнд боллоо. Энэ жилийн “Уул уурхайн 7 хоног” хөрөнгө оруулалтаас гадна ил тод, хариуцлагатай уул уурхайг чухалчлан авч үзэж байна.

Салбарын уялдаа холбоог сайжруулснаар холбогдох байгууллагууд хооронд үүсдэг ойлгомжгүй асуудлууд цэгцэрч, ил тод, хариуцлагатай уул уурхайг нутагшуулах, төлөвшүүлэх бодлогын санаачилга үр дүнгээ олох юм.

Ингэснээр хөрөнгө оруулагчид тогтвортой, урт хугацаанд хөрөнгө оруулах боломж бүрдэж, салбарын эдийн засагт оруулах үр өгөөж өсөн нэмэгдэх билээ.

Чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж, “Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо улам сайжруулах, удаан хугацааны түнш байх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлэхэд анхаарч, дэмжиж ажиллах болно” хэмээн цохон тэмдэглэсэн.

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хариуцлагатай, ил тод, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг дэмжсэн уул уурхайн бодлогыг баримтлах зарчим олборлолтоос боловсруулалт, тээвэрлэлт, борлуулалт гээд бүхий л шатанд биеллээ олж, байгаль орчин-нийгэм-засаглалын зарчимд нийцэх ёстойг чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ онцолсон юм.

Чуулганы эхний өдөр эрдэс баялгийн салбарын олон улс дахь өрсөлдөх чадварыг тодорхойлж, хөрөнгө оруулалтын шинэ орчныг бүрдүүлсэн эрх зүйн шинэчлэл, бүтээгдэхүүний тээвэрлэлт, дэд бүтцийн төслүүдийг онцолж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлд хийгдэж буй ажлуудыг танилцуулав.

Илтгэлийн дараа оролцогч талууд шуурхай, нээлттэй, нэгдмэл байдлаар хамтарч ажиллах салбар хоорондын уялдааг хангах асуудлыг хэлэлцэж, энэ үеэр Шангри-Ла зочид буудлын Бага танхимд Соёлын үзэсгэлэн дэлгэгдэв.

Чуулга уулзалтад Австрали, Австри, Канад, АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ, ИБУИНХУ, Герман, Энэтхэг, Япон, Финлянд, ӨАБНУ, Арабын нэгдсэн Эмират улс, Франц, Испани, Пакистан зэрэг 20 орчим улсын 300 гаруй зочин төлөөлөгч, хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирж, дотоодын аж ахуйн нэгж байгууллагын 3000 гаруй төлөөлөгч оролцож буй юм.

Монголын уул уурхайн долоон хоног арга хэмжээнд Австрали Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны (АМЕП 2) хөтөлбөрөөс геологи, уул уурхайн салбарын орон нутгийн харилцааны асуудлыг онцлон оролцож байгаа билээ.

Уул уурхайн 7 хоног арга хэмжээнд зориулан АМЕП 2 хөтөлбөрөөс бэлдсэн монгол гэрт зочилсноор өнгөрөгч 5, 6-р сард орон нутагт хэрэгжүүлсэн геологи, уул уурхайн үйл ажиллагаатай танилцах өртөөчилсөн аяллын үр дүнтэй танилцах боломжтой юм.

Монгол Улсын Засгийн газар, Австрали Улсын Засгийн газар хамтран “Австрали Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (АМЕП)”-ийг хэрэгжүүлж байна.

АМЕП хөтөлбөр нь эхэлсэн цагаасаа хойш төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, Монгол Улсын эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад хувь нэмэр оруулан ажиллаж байгаа юм.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу