Улсын хэмжээнд уул уурхай, олборлох салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь говийн бүсэд үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол Улсын Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн тооцоолсноор улсын сэргээгдэх эрчим хүчний техникийн нөөц 2.6 ТВт байгаа аж. Энэ нь дотоодын эрчим хүчний нөөцийг бүрэн хангаад зогсохгүй асар их эрчим хүчний экспорт бий болгох боломжтой гэсэн үг юм.

Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн мэдээллээр, ялангуяа Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр орчимд 1 кВт суурилагдсан хүчин чадалтай нарны эх үүсвэрээр 1846,4 кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх, газрын гадаргаас дээш 100 метрийн өндөр дэх салхины хувийн чадал 458 В/м2, дундаж салхины хурд 7,38 м/с байна. Энэхүү үзүүлэлтүүдээс харвал янз бүрийн технологийн шийдэлд сэргээгдэх эрчим хүчийг ашиглан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой ажээ.

Өмнөд говийн бүс нутаг нарны эрчим хүчний арвин их нөөцтэй. Жилийн 270-300 хоногт цэлмэг нартай байдаг. Энэ бүс нутагт нэг хавтгай дөрвөлжин метр газар нутагт жилийн хугацаанд нарнаас ирэх цацрагийн хэмжээ 1200-1600 кВт байна.

АНУ-ын Сэргээгдэх эрчим хүчний үндэсний лабораториос бэлтгэсэн Монгол Улсын салхины эрчим хүчний хүчний атласаас үзвэл Өмнөговь аймгийн нутагт хамгийн багадаа 300ГВт хүчин чадалтай салхины эх үүсвэрийг барьж байгуулж болохоор байгаа ажээ.

Эдгээр судалгаанаас авч үзвэл говийн бүсийн нар, салхины нөөц их бөгөөд энэхүү нөөцийг тухайн бүс нутагт ажиллаж буй аж үйлдвэрлэл, олборлох салбарын технологид ашиглаж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, байгаль орчныг бохирдуулагч хүчин зүйлүүдийг багасгаж, олон улсад хүлээсэн “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр”-ийн хэрэгжилтэд ихээхэн ач тусаа өгөх билээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу