Яруу найрагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2023.10.10/ нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд болох товтой байсан.

Гэвч шүүгдэгч Ц.Хулан болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргажээ. Энэ дагуу шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг нь хүлээн авч, шүүх хурлыг энэ сарын 25-ны өдөр хүртэл хойшлууллаа. 

Сануулахад, Өнгөрөгч долдугаар сарын 25-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яруу найрагч Ц.Хуланг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон хэмээн үзэж, 9 жил 6 сарын хорих ял оноосон билээ. 

Харин Б.Отгонбаатарыг дээрх гэмт хэрэгт Ц.Хулантай хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож найман жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Мөн шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөг авсан нь тогтоогдсон гэж үзэж, Ц.Хулангаас 159 сая төгрөг, Б.Отгонбаатараас 78 сая төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр болсон юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу