Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Эрүүл Мэндийн Яам хамтран “National mental health conference – 2023” эрдэм шинжилгээний олон улсын хурлыг “Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” уриан дор аравдугаар сарын 13, 14-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Энэ талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал В.Баярмаа:

“Манай улсад сэтгэцийн эрүүл мэндийн талаар судалгаа харамсалтай нь арван жилийн өмнө хийгдсэн байдаг. 2013 оны байдлаар таван хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай амьдарч байжээ. Ажилгүйдэл, согтууруулах ундааны хэтрүүлсэн хэрэглээ, жендэр, гэр бүлийн маргаан, салалт зэрэг нь тэргүүлэх шалтгаан байсан.

Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай хүмүүст үзүүлэх үйлчилгээний нөөц өнөөдөр маш дутмаг байна. Мөн тухайн иргэд тусламж үйлчилгээ авах сонирхол муутай байдгаас гадна ялгаварлан гадуурхах, ичиж эмээх зэрэг асуудал түгээмэл гардаг. Энэ талаар мэдлэг, мэдээлэл дутмаг байгаагийн илрэл юм.

Энэ жил бид “Сэтгэцийн эрүүл мэнд бол бидний үндсэн эрхийн нэг юм” гэдэг уриалгыг дэвшүүлж олон ажлыг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгээд байна. Цаашид ч энэхүү үйл ажиллагааг үргэлжлүүлнэ. Одоогоор 20 контент бүтээж нийгмийн сүлжээнд байрлуулсан нь өндөр хандалтыг авахын зэрэгцээ мэдээллийг түгээж байна.

Манай улсад судалгаа шинжилгээний ажлыг давтамжтайгаар хийх нэн шаардлагатай. Сүүлийн үеийн судалгааны задаргааг харвал 5 хүн тутмын нэг нь сэтгэл түгших эмгэгтэй, 15 хүн тутмын нэг нь архинд донтох эмгэгтэй гэх мэтчилэн гарсан. Харин өнөөдрийн хэмжээн дэх нарийн тооцоо судалгаа хомс байгаа учир бид энэхүү хөтөлбөрийг сайжруулах үүднээс олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

Уг хуралд Дэлхийн сэтгэцийн эмгэг судлалын холбооны ерөнхийлөгч асан Норман Сартөрус цахимаар оролцож, “Сэтгэцийн эрүүл мэндийн хөтөлбөрийг хэрхэн сайжруулах вэ” гэсэн чиглэлээр илтгэл тавина. Энэхүү илтгэлд эрүүл мэндийн болон сэтгэцийн эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг бүрэн хамруулах юм” гэлээ.

Тус хурал хоёр өдөр зохион байгуулагдах бөгөөд дараах үйл ажиллагаа болно.

Аравдугаар сарын 13,

  • Сэтгэцийн эмч, сэтгэл судлаач, эрдэмтэн судлаачид өөрсдийн бүтээлүүдийг танилцуулах
  • Олон улсын эрдэмтэн судлаачид илтгэл тавих болно
  • Мөн сэтгэцийн эрүүл мэндийн эмнэлэг, төвүүд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулах нээлттэй өдөрлөг зохион байгуулагдана.

Аравдугаар сарын 14,

  • Олон нийтэд буюу Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролдоо анхаарч буй, энэ салбарыг сонирхон судалдаг хүмүүст зориулан сэтгэцийн эмч, сэтгэл судлаачид сонирхолтой илтгэлүүдийг бэлдсэн.
  • Мөн сэтгэцийн эрүүл мэндийн эмнэлэг, төвүүд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулах нээлттэй өдөрлөг зохион байгуулагдана.

Тус арга хэмжээнд оролцох тасалбараа blindcare апп дээрээс худалдан аваарай.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу