Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр /2023.10.10/ эх орноосоо мордлоо.

Айлчлалын үеэр Монголд үндэсний хиймэл дагуул бүтээх талаар хэлэлцээ хийх аж. 

Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал “Өнөөдөр чухал өдөр. ЦХХХ-ны сайдын үүрэг хүлээсний утга учрыг мэдрэх өдөр.

Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд орж, Франц руу нисэх гэж байна. Түүхэн айлчлал болж, Монгол хүн, Монгол хүүхэд бүрд үр өгөөж хүрэх сайн мэдээтэй ирнэ.

Та бид эх орондоо, элсэн говьд энхрий бяцхан үрсээ бэдрэн хайдаг, бядан эрдэг баймааргүй байна. Интернэтийн эринд иргэнээ олохгүй төөрч, амь насыг минь алдмааргүй байна. Далайн орнууд хөлөг онгоцнууд, хөнгөн завинууд, олон жижиг арлынхаа аль ч булан тохойд буй иргэнтэйгээ 24 цаг холбоотой байж, авран тусалж чаддаг.

Технологийн сүүдэрт гаж донтнууд сошиал сүлжээнд хүүхэд рүү гэтэж байхад технологийн гайхамшгаар төр засаг, эцэг эх нь үр хойчоо хамгаалж чаддаг байх ёстой.

Монгол харь улсаас түлш шатахуун, эрчим хүчээр хараат, айлаар бол хүнээс гал, гэрэл царайчлан гуйдгийнхаа адилаар үндэсний харилцаа холбооны хувьд ч түрээсийн өрөөнд байдаг.

“Ах аа, утсаараа нэг яриулчхаач, ганц мэйл, зар оруулчихъя” гэдэг улс үр хүүхдүүдээ, ард иргэдээ хамгаалж, яаралтай холбоо барьж чаддаггүй улс баймааргүй байна.

Ерөнхийлөгчийн Францад хийх айлчлалын үеэр сансрын холбоогоор тэргүүлэгч гүрний нэг энэ улстай үндэсний хиймэл дагуулаа бүтээх талаар том алхам хийгээд ирнэ. Ерөнхий сайд, ЗГ-ын дэмжлэгээр Ерөнхийлөгчийн манлайлал дор түүхэн ажлын эхлэл тавигдана.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу