Баянзүрх дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн олон нийтийн цагдаа Г.Даваацэрэн бусдын тээврийн хэрэгслийг хулгайлсан 15 настай хүүхдийг илрүүлжээ.

Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо, Монелын авто зогсоолд “Тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан” гэх дуудлага өчигдөр /2023.10.09/ цагдаад бүртгэгджээ. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн олон нийтийн цагдаа Г.Даваацэрэн албан үүргээ гүйцэтгэж яваад 15 настай Ц нь бусдын “Toyota” маркийн тээврийн хэрэгслийг хулгайлсныг шуурхай илрүүлсэн байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2023 онд олон нийтийн цагдаагийн ажилтны орон тоог 214 байхаар баталж, 2023 оны эхний есөн сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 170 олон нийтийн цагдаа ажиллаж байгаа юм. 

Олон нийтийн цагдаа нар хороодын нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам сахиулах зорилгоор цагдаагийн алба хаагчдад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж,

  • Эргүүл, хяналт шалгалтад 4628 удаа,
  • Хэргийн газрын хамгаалалтад 1737 удаа,
  • Гэмт хэрэг, зөрчил үйлдсэн 22,131 этгээдийг цагдаагийн байгууллага болон холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгч,
  • Гэмт хэрэг, зөрчлийн талаарх 36,857 мэдээ, мэдээллийг холбогдох байгууллагад мэдээлж,
  • 85 гэмт хэрэг, 2001 зөрчлийг илрүүлж, таслан зогсоож, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч 396 иргэнийг шүүхээр шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу