АТГ болон ЦЕГ-ын мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг “ногоон” автобусны хэргийг шалгаж буй билээ. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Хамтарсан ажлын хэсэг нийслэлийн ЗДТГ болон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын нэр бүхий албан тушаалтнууд Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 2023 онд улсын төсвийн хөрөнгөөр 810 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, нэр бүхий компаниудыг шалгаруулан бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд зургаан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Үүнээс таван этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хориод байна. Мөн нэг яллагдагчийг албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлж, хилийн хориг тавьсан. 

Үүнээс гадна дахин дөрвөн хүнд хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн.

Нийт 11 албан тушаалтны 16 объектод нэгжлэг хийж, шилжилт хөдөлгөөнийг нь хязгаарлах арга хэмжээ аваад байна” гэлээ.

Сануулахад, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, “Тэнүүн Огоо” ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуяг, “Тэнүүн Огоо” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат болон БНСУ-ын хоёр иргэнийг нэг сарын хугацаагаар цагдан хорьсон. Мөн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүхийг Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ аваад буй. 

Харин яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн дөрвөн этгээдийн дунд Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван нар багтсан гэх мэдээлэл байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу