Нийслэлийн Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо, Монелын авто зогсоолоос “Тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан” гэх дуудлага аравдугаар сарын 9-нд цагдаагийн газарт бүртгэгдсэн байна. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн олон нийтийн цагдаа Г.Даваацэрэн албан үүргээ гүйцэтгэж яваад 15 настай Ц нь бусдын “Toyota” маркийн тээврийн хэрэгслийг хулгайлсныг шуурхай илрүүлжээ.

Энэхүү үйл явдлын дараа Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам сахиулах тасгийн дарга, Цагдаагийн хошууч Т.Баярмагнай болон тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн олон нийтийн цагдаа Г.Даваацэрэнтэй ярилцахаар цаг товлосон юм.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам сахиулах тасгийн дарга, Цагдаагийн хошууч Т.БАЯРМАГНАЙ:

-Олон нийтийн цагдаа нь Цагдаагийн албаны тухай хуулийн 63-р зүйл, ЦЕГ-ын даргын А122-р тоот тушаалаар баталсан Олон нийтийн цагдаагийн дүрэмд баталснаар Цагдаагийн алба хаагчдад дэмжлэг үзүүлэх иргэд олон нийтийг цагдаагийн байгууллагатай холбох гүүр болж ажилладаг. 

“Олон нийтийн цагдаа нар маань хороо, хэсэг хариуцсан цагдаа нарт дэмжлэг үзүүлж, гэмт хэрэг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажиллагаанд хамгийн их дэмжлэг үзүүлдэг”

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хэмжээнд Олон нийтийн 33 цагдаагийн орон тоотой. Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хувьд одоогоор 11 албан хаагчийн орон тоотой үйл ажиллагаа явуулж байна. Энэ оны аравдугаар сарын 8-наас 23-ны өдөр хүртэл сул орон тооны шалгаруулалт зарлагдсан байна. Энэ хугацаанд сонирхсон хэн бүхэн оролцож бүртгүүлэх боломжтой. 18 нас хүрсэн, ял шийтгэл эдэлж байгаагүй Монгол Улсын иргэн хамрагдаж болно гэсэн шалгууртай.

Олон нийтийн цагдаа болсноор найдвартай ажлын байр, нийгмийн баталгаагаар хангагдаж, жилийн турш үр дүнтэй хариуцлагатай ажилласан тохиолдолд цагдаагийн жинхэнэ алба хаагч болох бүрэн боломжтой байдаг давуу талтай юм.

Биднийг ийнхүү ярилцах зуур хариуцсан хэсэгтээ үүрэг гүйцэтгэж байсан Олон нийтийн цагдаа Г.Даваацэрэн хүрч ирлээ. Өөрийн сонирхлоороо энэхүү албанд орж, мөрөөдөлдөө хүрэхийн тулд сонголтоо хийсэн хэмээн ярих түүнтэй ажлынх нь дундуур ярилцсан юм.

-Бидэнд өөрийгөө танилцуулаач, Олон нийтийн цагдаагаар ажиллаад хэр хугацааг өнгөрөөж байна вэ?

-Намайг Г.Даваацэрэн гэдэг, 20 настай. Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Олон нийтийн цагдаагаар ажиллаад зургаан сар болж байна. Өнгөрсөн 9-ний өдөр илрүүлсэн хэргийн тухайд гэвэл, Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт явганаар үүрэг гүйцэтгэж байх хугацаанд уг хэргийг илрүүлсэн. Тухайн үед миний өмнүүр маш хурдтайгаар “Тоёота” маркийн машин зөрж өнгөрсөн. Яг тухайн мөчид цонхоор харахад жолооны хүрдний ард хүн байхгүй гэмээр харагдсан. Сэжиг бүхий болон хурд хэтрүүлсэн учир би араас нь дагаж явсаар гудамжинд зогсох үед нь очиж шалгасан. Шалгалт явуулахад насанд хүрээгүй хоёр хүүхэд жолооны ард байсан. Тухайн нөхцөлд хэргийг таслан зогсоож, Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрт хүлээлгэн өгсөн. 

-Олон нийтийн цагдаагаар ажиллахад бэрхшээлтэй зүйл хэр их тулгарч байна вэ?

-Бэрхшээлтэй зүйл гэвэл согтуу хөлчүү иргэдтэй орой үдшийн цагаар их таардаг. Баар цэнгээний газар, гэр хороолол зэрэгт гэмт хэрэг үйлдэгдэх магадлал өндөр байдаг. Гэхдээ залуусын хандлага харьцангуй өөрчлөгдсөн. Хүлээцтэйгээр ойлгодог болсон юм шиг санагддаг. Хэрэг маргаан үүсгэх үед мэдээж очиж зохицуулахыг хичээдэг. Тэр бүрд тавьсан шаардлага биелүүлдэг, нэгнээ уучилдаг болсон гэж боддог. Мөн ахмадуудаас их гоё урмын үг авдаг. Хүү шигээ санадаг байх. “Манай хороонд ийм ажил хийсэн, тэгж тусалсан” гээд л магтдаг. Энэ үед ажлаараа илүү их бахархдаг. 

-Таны зорилго юу вэ? Олон нийтийн цагдаагаар ажилласнаар та зорилгодоо хэр ойртож байна вэ?

-Би багаасаа цагдаа болохыг мөрөөддөг байсан. Цэргийн алба хаагаагүй ч Олон нийтийн цагдаагаар ажиллах боломж олдсонд баяртай байгаа. Нэг жилийн хугацаанд үүрэг даалгаврыг үр дүнтэй сайн биелүүлж, тууштай ажилласан тохиолдолд цагдаагийн жинхэнэ албан хаагч болох бүрэн боломжтой байдаг их том давуу тал. Олон нийтийн цагдаагаар ажилласнаар маш их төлөвшил бий болж байгаа. Нийтийн хэв журмыг сахиулахад байж болох бүх чадварыг хамт олноосоо суралцаж байгаа учраас зорилгодоо заавал хүрнэ ээ гэсэн итгэлтэй байна. 

-Эцэг, эхчүүд болон залууст хандаж та юу хэлэхийг хүсч байна вэ?

-Эцэг, эхчүүддээ хандаж хэлэхэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй. Утасны хэрэглээг тодорхой хэмжээнд хязгаарлаж, хаана юу хийж явааг нь мэддэг байх хэрэгтэй. Энэхүү илрүүлсэн хэрэг шиг хэрэг дахин давтагдахыг үгүйсгэх аргагүй шүү дээ. Мөн залуу үеийнхэндээ хандаж хэлэхэд бие биедээ хайртай байгаарай, нэгнийгээ хамгаалдаг байгаарай. Бид яг л адилхан хүн учраас өвчин зовлонтой, хүнд хэцүү, уур бухимдалтай аль нь ч бай ойлгож хүндэлдэг байх юм бол бидний харилцаа эрүүл байх болно. Нийгэм аюулгүй, амар тайван байх болно л гэж хэлмээр байна. 

-Ярилцсанд баярлалаа.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу