Монгол Улсад замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийн хариуцлагыг дээшлүүлэх, нийгмийн харилцаанд зохистой, ухамсартайгаар оролцох соёлыг хэвшүүлэх шаардлага бий. Энэ хүрээнд Тээврийн цагдаагийн газраас жолоочдыг соёлжуулах олон арван ажил хийж буй ч ахиц дэвшил гарахгүй байгаа билээ. 

Үүний хамгийн тод жишээ нь, өнгөрөгч долоо хоногт 972 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тоон мэдээлэл гарчээ. Хоногт дунджаар 100-150 иргэн согтуурлын зэрэгтэйгээр замын хөдөлгөөнд оролцож байгаад цагдаа нарт баригдсан гэсэн үг юм. 

Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй ийм олон зөрчил илэрч энэ хэрээр зам тээврийн осол гарах, хүний амь нас эрсдэх тохиолдол цөөнгүй гарч байна. Тиймээс эрх баригчид энэхүү асуудалд анхаарлаа хандуулахаа илэрхийлээд буй. 

УИХ дахь МАН-ын бүлгээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол согтуурлын зэргээс нь үл хамаарч ял оноох талаар мэдээлж, 1-5 жилийн хорих ялаар шийтгэх санал гаргаж буйгаа зарласан.

Ингэж зохицуулснаар согтуугаар жолоо барих хүний тоо багасаж болох ч нөгөө талаас ийм хатуу хариуцлага хүлээлгэснээр жолооч нар шууд соёлтой болох нь юу л бол гэх шүүмжлэл байгаа юм. Тиймээс бид энэ талаар иргэдийн байр суурийг тодрууллаа.

Бид долоон хүний байр суурийг нь асуухад тав нь ял оноох нь зөв гэж үзэж байсан бол хоёр нь 1-5 жил гэдэг хэт чанга байна гэх байр суурийг илэрхийлж байсан юм. 

“БҮГДИЙГ НЬ ХОРИОД БАЙВАЛ ШОРОН ДҮҮРЧИХНЭ. ХОРИХГҮЙГЭЭР ТОРГУУЛИЙН МӨНГӨН ДҮНГ НЬ ӨСГӨХ ХЭРЭГТЭЙ”

Тодруулбал, Иргэн Г “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнд оноох шийтгэлийг чангалах нь зөв. Гэхдээ ял оноохыг дэмжихгүй байна. Жишээ нь, амралтын өдрөөр ажлын стресс, ядаргаагаа тайлаад бага зэрэг архи ууна. Уусныхаа маргааш өглөө нь ажилдаа явахаар машинаа барина. Гэтэл драгер үлээхээр өмнөх орой нь уусан архины хэмжээ гардаг. Энэ тохиолдолд асуудал үүсэх юм. Үүний төлөө ял аваад, шоронд сууж болохгүй. Нийтэд тустай ажил хийлгэх, торгуулийн үнийн дүнг өсгөх зэргээр арга хэмжээ авах хэрэгтэй. Бүгдийг нь хориод байвал шорон дүүрнэ” гэлээ.

“ХОРИХ ЯЛ ОНООХЫГ ДЭМЖИХГҮЙ. ҮҮНИЙ ОРОНД ЖОЛОО БАРИХ ЭРХИЙГ НЬ 10 ЖИЛЭЭР ХАСЪЯ”

Харин иргэн Б “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос болж осол аваар олон гарч байна. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр анхааруулж, сэрэмжлүүлж байгаа ч иргэд төдийлөн хүлээж авахгүй байна. Тиймээс хуулийг чангалах нь зөв. Гэхдээ 1-5  жил хорихыг дэмжихгүй. Үүний оронд жолоо барих эрхийг нь 10 жилээр хасах, нийтэд тустай ажил хийлгэх зэргээр шийтгэх хэрэгтэй. Хүндрүүлэх нөхцөлтэй бол жолоо барих эрхийг нь насаар нь хасаж, 1-2 жилийн хорих ял оноож болох юм. Тэгэхгүй бол шоронд орох хүний тоо нэмэгдэж, хорих байгууллагын ачаалал ихэснэ.

Мөн замын цагдаагийн тоог нэмэх шаардлагатай байна. Хяналт сул байгаагаас болж үнэмлэхгүйгээр жолоо барьж буй хүн олон байна. Энэ нь эргээд зам тээврийн осол гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна шүү дээ” гэсэн юм. 

“АВТОМАШИН ГЭДЭГ БОЛ ЗЭВСЭГ. СОГТУУ ХҮНД ЗЭВСЭГ БАРИУЛЖ БОЛОХГҮЙ”

Иргэн А “Дэлхийн бүх улсад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол хорих ял оноодог шүү дээ. Учир нь машин гэдэг бол зэвсэг. Согтуу хүнд зэвсэг бариулаад явуулж байна л гэсэн үг. Маш аюултай.

Би 60 нас хүрч байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл жолооны үнэмлэх аваагүй. Яагаад гэхээр, хаяа архи уучихдаг. Тэр үедээ жолоо барих гээд байдаг. Тэгэхээр шийтгэл нь хатуу байх тусмаа аюулгүй болох байх” гэлээ.

Иргэн У “Зам тээврийн ослоос болж, маш олон хүн тэр дундаа хүүхэд нас барж байна. Тийм учраас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол ял авах нь зөв гэж бодож байна” гэсэн юм. 

Сануулахад, одоо мөрдөгдөж буй Зөрчлийн тухай хуульд заасан дараах хоёр зүйл ангиар ял шийтгэл оноодог. Тухайлбал,

14.7-3 дахь хэсэг: 3.1.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, 3.2. согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

14.7-5 дахь хэсэг: 296 Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах зохицуулалт үйлчилдэг.

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу