НЭМЭЛТ:

С.Батдөлийн ялыг хөнгөлсөн үндэслэлийн талаар шүүхээс тайлбар гаргажээ. 

Тайлбарт “Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгч С.Батдөл, С.Баттулга болон тэдгээрийн өмгөөлөгч нарын “ял шийтгэлийг хөнгөрүүлэх, зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. …” гэсэн агуулга бүхий гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан.

Учир нь анхан шатны шүүх шүүгдэгч С.Батдөлд эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2-8 жилийн хорих ялын хамгийн дээд буюу 8 жилийн хорих ял оногдуулсан талаараа дүгнэлт хийгээгүй.

Иймд давж заалдах шатны шүүх түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал зэргийг харгалзан үзэж 7 жилийн хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар /мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж гэж/ яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөнтэй холбогдуулан тухайн зүйл, заалтад зааснаар 1 жил хорих ял тус тус оногдуулж, нийт хорих ялын хэмжээ 12 жил байсныг 10 жил болгож өөрчилсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ” гэсэн байна.


₮7.3 тэрбумын хэрэгт холбогдсон С.Батдөл нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр /2023.10.10/ болсон билээ. 

Хурлаас гаргасан шийдвэрийн талаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс тодруулахад “С.Батдөл болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд, шүүгдэгч С.Батдөлийн хорих ялаас хоёр жилийг хасах шийдвэр гаргасан. Удахгүй дэлгэрэнгүй тойм оруулна” гэх мэдээллийг өглөө. 

Сануулахад, Өнгөрсөн нэгдүгээр сарын 5-нд УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрт Эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэг хийж, 7.3 тэрбум төгрөгийн гадаад валют, гурав орчим тэрбум төгрөгийн үл хөдлөхийн гэрчилгээ илрүүлэн, хурааж авсан билээ.

Улмаар түүний хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, С.Батдөлд 12 жилийн хорих ял оногдуулсан юм.

Ингэхдээ түүнийг:

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хахууль авах” гэмт хэрэгт,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэгт,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэмт хэрэгт,
  • шүүгдэгч С.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон” гэмт хэрэгт,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсон билээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу