Өнөөдөр /2023.10.11/ Олон Улсын охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан БНСУ-д хүүхдээ эмчлүүлж, ажиллаж амьдардаг иргэдийн төлөөлөл болох нэгэн ээж хүүхдийн эрхийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр хоёр хүүхэдтэй ажээ. Хоёр хүүхдийнх нь нэг нь хүнд өвдсөн тул БНСУ-д эмчлүүлэхээр жил дөрвөн сарын өмнө хилийн дээс алхаж, нэг хүүхдээ Монголд үлдээгээд явсан байна. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих гэж буйтай холбогдуулан тэрбээр “Монгол Улсад хүүхдийн эрх дан ганц хүчирхийлүүлж бус, олон асуудлаар зөрчигдөж байна” хэмээн ярьсан юм. 

Тэрбээр “Өдгөө 150 гаруй хүүхэд Солонгос улсад байнгын асаргаанд байна. Эмчилгээний визээр очдог учир эцэг, эхчүүд нь ажил хийж, мөнгө олох боломжгүй. Монголоос авчирсан мөнгөөрөө л эмчилгээ хийлгэнэ гэдэг. Өдрийн эмчилгээний төлбөр 4-5 сая төгрөг гарах ч тохиолдол бий.

Би Монгол таунд тараг бүрж, ааруул зарж, хүүхдийнхээ эмчилгээний мөнгийг олдог. Энэ асуудалд хоёр улс найрамдалт харилцаатай хэр нь нааштай шийдвэр гаргаж өгөхгүй байгаад гомдолтой байна. Элчин сайдын яам болон Хүүхэд гэр бүлийн газарт удаа дараа санал хүсэлт тавьж, хэлж үзсэн. Гэтэл төр дүлий байлаа. Ерөнхий сайдын өмнө ч би хэлж байсан.

Хүүхдийн эрх гэхээр ганцхан хүчирхийлүүлсэн байвал эрх ярих юм. Хоол хүнсний чанаргүй байдал, утаатай түлштэй байгаа нь ч хүчирхийлэл. Бид хүүхдэд дэндүү хайргүй нийгэмтэй болчихож. Дан ганц хүүхэд гэлтгүй насанд хүрэгчид мөн онош нь тодорхойгүй өвчнөөр олон очдог. Оношилгоонд гэхэд л маш их мөнгө хэрэгтэй. Ядаж эх орондоо оношилдог байж болохгүй хэрэг үү. 

Солонгос улсын эмнэлэг бол “бизнесийн байгууллага” шүү дээ. Гэвч үр хүүхдийг маань амьд үлдээж байгаа учраас бизнесийг нь дэмжихээс өөр арга байдаггүй. Ядаж хэлж яриад явж байгааг маань төр засаг харах байх гэж бодож байна.

“Хүний нутгийн салхи нь хүртэл жихүүн” гэгчээр нэг хүүхдээ эмчлүүлэхээр Солонгост очиж, нөгөөг нь санаад бэтгэрч сууна. Төр засаг эрүүл мэндийн салбартаа анхаарахгүй, намын хүнийг сайдаар томилж байна. Ядаж эрүүл мэндийн салбарыг намаас ангид байлгаж, хүндээ чиглэсэн, дорвитой бодлого хэрэгжүүлмээр байна”

Өнөөдөр гадаадад байгаа хүн энд ирээд үгээ хэлж чадахгүй, Солонгост харлачихсан, хүүхэд нь өвчтэй олон ээж бий. Тэнд 19 мянган монгол ажиллаж байна. Тэд бүгд үгээ хэлж чадахгүй, эрхээ эдэлж чадахгүй, шүлсээ залгиад амьдарч яваа. Гэтэл Монголд үлдсэн хүүхдүүд нь хүчирхийлэлд өртөөд, амьд явах ямар ч баталгаагүй нийгэмд амьдарч байна. Хүүхэд хамгааллын тухай хууль хэлэлцэж байна. Тэр хуульд олон өөрчлөлт, шинэчлэлт ороосой гэж хүсэж байна. Бид яах вэ, зүтгэсээр яваад дуусна. Үр хүүхэд маань илүү гэрэлтэй сайхан нийгэмд амьдраасай гэж хүсэж байна” хэмээн ярилаа.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу