Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр (2023.10.11) хагас коксжсон түлшний асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Нийслэлийн бонд гаргах асуудал хойшиллоо. Улаанбаатар хотын захирагч чөлөөлөгдөөд байна. Дараагийн Засаг дарга томилогдохоор хагас коксжсон түлшний асуудлыг ярих болов уу гэж бодож байна. Гэхдээ нийслэлийн бонд гаргах асуудал дахиад 7-10 хоног хойшилбол хагас коксон түлшийг энэ жил БНХАУ-аас импортлоод, туршилт хийж амжихгүй болно гэсэн үг.

Түлшээ сайжруулъя гээд ч одоо байгаа мидлингээр үйлдвэрлэж байгаа түлш сайжрахгүй. Түүхий эдийг солихгүйгээр утааны асуудалд дорвитой өөрчлөлт хийж чадахгүй гэсэн үг. Тоосонцор хуучнаараа байна, угаарын хий хуучнаараа байна. Мидлинг түлш гарснаас хойш угаарын хийнд хорддог боллоо гэдэг нотлогдоогүй шүүмж явах болсон. Гэхдээ нэг зүйлийг ойлгоосой. 2018 оноос хойш сайжруулсан мидлинг хэрэглэснээр утааны хэмжээ хоёр дахин буурсан нь үнэн.

Хэрэв өнөөдөр Багануурын нүүрс түлж байсан бол утааны хэмжээ одоогийнхоос хоёр дахин өндөр байх байсан. Анхны жил сайжруулсан түлш хэрэглэснээр утаа буурсан нь үнэн ш дээ. Нүдэн дээр харагдаж байсан ш дээ. Тэр үед 320 мянган тонн түлш хэрэглэсэн, өнгөрсөн жил 640 мянган тонн түлш хэрэглэсэн. Гэхдээ мидлинг түүхэн цаг үеэ өнгөрөөсөн. Энэнээс цааш мидлингээр яваад бид утаанаас салахгүй.

Туршилт гэдэг үгэн дээр тоглоод, сонгууль дөхсөн юм шиг байна, хэтрүүлэгтэй зүйл яриад харлуулах ажиллагаа явж байна. Аливаа зүйлийг туршиж үзэхгүйгээр олон нийтэд нэвтрүүлдэг улс орон нэг ч байхгүй. Ийм зүйлийг л мушгиад яриад байна” гэв.

Мөн тэрбээр ОХУ импортын эрчим хүчний үнээ нэмэх шийдвэр гаргасан гэх мэдээллийн талаар хэлэхдээ “ОХУ импортын эрчим хүчний үнээ 7 хувь хүртэл нэмэгдүүлье гэдэг шийдвэр гарсан. Манайд нэг их нөлөөлөхгүй. 2023 оны II, III улирлад ОХУ дотооддоо рублийн ханшаа алдаад, суларчихсан. Бид 2023 оны гуравдугаар улиралд ханшийн ашиг олсон. Эрчим хүчний татвар нь 7 хувиар нэмэгдэхэд импортолж байгаа эрчим хүчээ 1 кВт-ыг нь 8.5-8.9 центээр импортолж байсан. Одоохондоо санаа зовох зүйл биш. Өртөгт нэг их нөлөөлөхгүй” гэсэн юм.

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу