Засгийн газрын өнөөдрийн /2023.10.11/ хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

Энэ үеэр ХНХ-ын сайд Х.Булгантуяа “Сүүлийн үед хүүхдийн осол аваар, хүчирхийлэл нэмэгдэж байна. Нийт хүн амын 1.2 сая буюу 36 хувь нь хүүхэд. Мөн нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай айл өрхөд нийт хүүхдүүдийн 36 хувийг эзэлдэг. Хүнсний эрхийн бичигт хамрагдаж байгаа хүүхдүүд 76 мянга, эрсдэлт нөхцөлд 14 мянган хүүхэд байна.

Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 70 орчим хувь нь гэр бүлийн орчинд, 23 хувь нь сургууль, найз нөхдийн орчинд, 6.9 хувь нь бусад орчинд болж байна. Насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн гэмт хэрэг оргил үедээ буюу 2022 онд 700-1500 орчим болсон. Харин хүүхэд өөрөө хохирогч болсон тохиолдол 1000-2000 орчим байна гэх тоон үзүүлэлтүүд гарсан.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо огт буурахгүй байна. 2022 онд гэхэд 300 орчим байсан. Энэ оны эхний есөн сарын байдлаар хүүхдийн мэдээллийн 108 утсанд 70 орчим дуудлага ирсэн. Үүний 50 хувь нь зорилтот дуудлага. Улсын хэмжээнд 33 асрамжийн газарт 1000 гаруй хүүхэд өсөж, хүмүүжиж байна.

Хүүхдийг төрсөн цагаас нь эхлээд хамгаалдаг цахим системтэй болгоно. Ингэхдээ,

  • Боловсролын нийгмийн ажилтан
  • Хорооны нийгмийн ажилтан 
  • Эрүүл мэндийн нийгмийн ажилтан 
  • Цагдаагийн байгууллагын ажилтан 
  • Гэр бүл, хүүхэд хөгжлийн байгууллагын ажилтан тухайн систем ханддаг болно. 

Өөрөөр хэлбэл, төрсний гэрчилгээ олгодог шиг бүртгэлийн системтэй болно гэсэн үг. Одоо бол хүүхдийг амьдарч байгаа хаяг, сурч буй сургуулиар нь бүртгэдэг. Гэтэл асуудал гарч байна. Тухайлбал, хөдөө орон нутгаас Улаанбаатарт шилжиж ирснийг нь бид мэддэггүй. Ингэж шилжиж ирснийхээ дараа хүчирхийлэлд өртөж, эрсдэлд орох тохиолдол нэмэгддэг. Эрсдэлд байгаа хүүхдүүдийн гэр орон байнга нүүж, сургууль нь солигддог. Тиймээс хүүхэд бүр цахим системтэй болно.

Ирэх оны төсөвт хүүхэд хамгааллын мөнгийг 14.3 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж байна.

Гэр бүлийн тухай хуулийг ирэх долоо хоногт өргөн барина. Гэр бүлээ батлуулахгүйгээр хамтран амьдрах тохиолдол их. Хамтын амьдрал дуусгавар болоход хүүхэд хохирох тохиолдол гардаг. Үүнийг ч хуульчилна. Мөн үе тэнгийн дээрэлхэлтийг ч хуульчилж байгаа. Сум болгон хүүхдийн асуудал хариуцсан тусгайлсан мэргэжилтэнтэй болно. Суманд малын чиглэлээр таван хүн ажиллаж байгаа мөртлөө хүүхдэд чиглэсэн нэг ч хүн байхгүй байна.

Хүүхдэд ээлтэй такси үйлчилгээ бий болгоно. Эцэг эхчүүд нь тус таксиг дуудаж үйлчлүүлэх бөгөөд гаднын улсуудын жишгээр дотроо хяналтын камертай байна. Түүнээс гадна жолооч нарыг сургалтад хамруулж, такси үйлчилгээг нэвтрүүлбэл эцэг, эхчүүд ч сэтгэл амар, тайван байх боломжтой юм. Тиймээс бид хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллаж байна. Үүнд ч мөн хувийн хэвшлүүд маань санаачилга сайтай оролцож эхэлсэн” гэлээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу