УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2023.10.11/ хуралдлаа. Хуралдаанаар хүүхэд хамгааллын асуудлаар хяналтын сонсгол зохион байгуулах шийдвэр гаргасан юм. Сонсгол зохион байгуулах ажлыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ахалж, энэ сарын 25-нд хийхээр болсон. 

Үүнтэй холбогдуулан байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “Өнөөдөр охидын эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Өнгөрсөн өдрүүдэд олныг сэрдхийлгэсэн хэргүүд гарч, хүүхдийн эрхтэй холбоотой асуудал удаа дараа хөндөгдлөө. Тиймээс сонсгол зохион байгуулах гэж буй нь сайн хэрэг.

Сонсгол зохион байгуулах хүмүүст нэг зүйлийг захиж хэлье. Энэ сонсголыг явуулахдаа УИХ-ын хэдэн гишүүн, мэргэжлийн хүмүүс хоорондоо ярилцах бус, иргэдийн санал шүүмжлэлийг сонсоорой. Олон нийтийн оролцоог сайн хангаарай. Хүүхдийн эрхийн асуудал бол улс төрийн гэхээс илүү нийгмийн хөндүүр сэдэв. Тиймээс иргэдийн дуу хоолойг сонсоход түлхүү анхаарах хэрэгтэй. 

Сонсголоор хүүхэд хамгаалалд төсөвлөсөн мөнгө хэрхэн зарцуулагдсан зэрэг олон асуудлыг хөндөх байх. Үүний хажуугаар, хамгийн чухал нь хүүхэд хамгаалал чиглэлд бидний ойлголт нэгдмэл байгаа эсэхийг тодорхой болгох ёстой. Дараа нь хийх ажлаа төлөвлөж, түүндээ төвлөрөх хэрэгтэй” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу