Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар 2023 оны аравдугаар сарын 10-наас 14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд энэ сарын 11-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Ерөнхий захирал Одри Азулэй бараалхав.

Талууд Монгол Улс, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төслийн явц, үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй санал солилцсон билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагатай хамтран ажиллаж эхэлснээс хойш 60 жилийн хугацаанд боловсролыг түгээх, бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах, үндэсний түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах, техник технологийн ололтыг таниулах, хүний үндсэн эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлэх зэрэг үйлсэд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг онцлов.

Уулзалтын үеэр НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захирал Одри Азулэй Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэсэн батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд гардуулжээ.

Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Норовлин, Баян-Адарга, Дорнод аймгийн Баян-Уул сумдын нутгийг хамарсан нийт 415752 га бүхий тус газрыг 2000 онд улсын тусгай хамгаалалтад авсан.

Тус газрыг байгуулсан нь цэнгэг усны их нөөц бүхий Онон гол түүний ай сав, ойт хээрийн экосистем, ландшафт экологийн тогтоц, биологийн олон янз байдлыг хамгаалах, зүй зохистой ашиглах нөхцөлийг бүрдүүлж, байгаль, түүхийн дурсгалт газруудын арвин их нөөцийг түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсэд амьдардаг иргэдийг байгаль хамгаалах үйлсэд татан оролцуулах, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой юм.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу