АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүд Конгресст Вашингтоны засаг захиргааны хамтарсан хүсэлтийн хүрээнд Украин, Израилийн аль алинд цэргийн тусламж үзүүлэхийг дэмжих хангалттай тооны хууль тогтоогч бий гэдэгт эргэлзэж байгаа талаар “Politico” сонин мэдээлжээ.

Тус хэвлэлд тэмдэглэснээр, Конгрессын гишүүд Израильд тусламжийн гараа сунгаж, мөнгө илгээхэд бэлэн байгаа ч Украинд үзүүлэх тусламжийн тухайд санал зөрөлдсөөр  байгаа аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израильд нэмэлт санхүүжилт олгох тухай албан ёсны хүсэлтийг Конгресст хараахан тавиагүй байгаа ч өнгөрсөн Мягмар гарагт ийм хүсэлт удахгүй ирнэ гэж мэдэгджээ.

Үүний зэрэгцээ Цагаан ордон өнгөрсөн наймдугаар сард хууль тогтоогчдод илгээсэн Украинд 24 тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлэх тухай хүсэлтийг зөвшөөрөөгүй.

Politico-д мэдээлснээр, Израильд цэргийн тусламж үзүүлэх асуудлыг хоёр намын гишүүд даруй зөвшөөрөх магадлалтай аж. Гэвч Украиныг дэмжигчдийн зарим нь дээрх хоёр улс руу мөнгө илгээхийг зөвшөөрөх эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.

Киевт нэмэлт тусламж үзүүлэх тухай асуудал Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдахчуудын дунд маргаан үүсгэж буй. Тодруулбал, АНУ-ын засаг захиргаа Украинд нийлүүлсэн зэвсгүүдэд хангалттай хяналт тавьдаггүй бөгөөд энэ асуудлаар зорилго, стратегиа хараахан боловсруулаагүй байна гэж үзжээ.

NBC өмнө Цагаан ордон Израиль, Украин, Тайваньд цэргийн тусламж үзүүлэх нэмэлт санхүүжилт авах хүсэлтийг Конгресст илгээж магадгүй гэж мэдээлсэн билээ.

Эх сурвалж: POLITICO
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу