“Монгол нүүрс ассоциаци”-ийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай ярилцлаа.

-Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор нүүрснээс татгалзах санал, санаачлагууд гарсаар байна. Монгол Улсын хувьд нүүрс төсвийн орлогын 30 хувийг бүрдүүлдэг, бидний “амин хэрэгцээ”. Ойрын хугацаанд татгалзах аргагүй учраас энэ чиглэлээр бид юун дээр түлхүү анхаарах шаардлагатай гэж та бодож байна вэ? 

-Нүүрс манай улсын эдийн засаг, аж үйлдвэрлэл, эрчим хүч, цаашилбал хөдөө аж ахуйд ч маш чухал түүхий эд. Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцээд, нүүрс хэрэглэхээ болих гэж байна уу, үгүй юү гэдгээс үл хамаараад нүүрс бидний байгаа бодит байдал, манай орны эдийн засаг, цаг уурын онцлог, бидний өгөгдөл. Тийм болохоор яаж тогтвортой, тодорхой хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтөд хувь нэмрээ оруулсан, бас дэвшилттэй байдлаар ашиглах вэ гэдэг монголчуудын өмнө тулгарч буй гол асуудал. 2022 оны хувьд нүүрсний борлуулалтын орлого огцом өссөн. 6.5 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн. Эрчим хүчний нүүрсний экспорт нэлээд нэмэгдэж байна. Бид өмнө нь коксжих нүүрсэндээ гол анхаарлаа хандуулж байсан бол одоо өмнө тал, төвийн хэсгээр эрчим хүчний нүүрсийг яаж гаргах вэ гэдэг дээр анхаарах шаардлагатай болж байна.

-“Mining week-2023” чуулга уулзалтаас харахад дэлхий нүүрснээс татгалзаж чадахгүй нь тодорхой байна. Зарим улс орнууд цахилгаан станцуудаа сэргээж байна. Энэ нь бидэнд бас том боломж болов уу. Энэ талаар та юу хэлэх вэ? 

-Дэлхийд өнгөрсөн жил нүүрсний хэрэглээ дээд хэмжээнд буюу 8.3 тэрбум тоннд хүрсэн. Европын улс орнуудын зарим нь нүүрсний том цахилгаан станцуудаа сэргээж байна. Америк ганцаараа бууруулсан. Хятад, Энэтхэгт эдийн засгийн өсөлтийн гол шалтгаан болж байна. Хятад улс дэлхийн нүүрсний 50 гаруй хувийг дангаараа эзэлдэг. Бид дэлхийн нүүрсний хамгийн том үйлдвэрлэгч бөгөөд хэрэглэгчийн хажууд байна. Тэдний хэрэглээний ганц хувийн өсөлт, бууралт Монгол Улсын нийт үйлдвэрлэлийн хэмжээтэй тэнцүү. Энэ нь бидэнд орон зай байнга байсаар байгааг харуулж байна.

Дэлхийн хэмжээнд 2025 он хүртэл нүүрсний хэрэглээ өсөлттэй байгаад тогтворжино гэж үздэг. Хятад улс 2030 онд дээд хэмжээнд хүрнэ гэж үзэж байна. Тийм болохоор бидэнд боломж байна. Нүүрс бол стратегийн бүтээгдэхүүн юм гэдгийг ганц Монгол Улс ч биш, олон улс хүлээн зөвшөөрч байна. Яагаад гэхээр олон улсын хямрал, цах тахлын асуудал гээд ноцтой асуудал тулсан үед онцгой нөхцөл байдалд хамгийн найдвартай нөөц боломж нь нүүрс байна.

Монгол Улсын экспортын орлогын 90 гаруй хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн түүний талаас илүү хувийг нүүрс бүрдүүлж байна. Хоёрдугаарт, нүүрс төсөв бүрдүүлэгч хамгийн том эх үүсвэр болсон байна. Уул уурхайн салбараас 4.4 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлснээс 47 хувийг нь нүүрснийх эзэлж байна.

-Бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийг ашигт малтмал ашигласны төлбөр буюу роялти “зүдрээсээр” ирсэн. АМНАТ-д яагаад ийм өндөр татвар ноогддог вэ? 

-Уул уурхайн салбараас төвлөрүүлсэн татвар хураамжийн 61 хувийг АМНАТ эзэлж байна. Нүүрсний хувьд 67 хувийг нь АМНАТ эзэлдэг. Энэ нь нэг талаасаа төсөв бүрдүүлж буй, татвар төлж буй сайхан хэлбэр гэж үзэж болох ч нөгөө талдаа татварын тэгш хуваарилталтын суурь зарчмыг алдагдуулдаг. АМНАТ тооцдог жишиг үнэ нь борлуулалтад тооцдог үнээсээ 2-3 дахин өндөр байдаг. Тэр нь худалдаж байгаа үнийн дүнгээс АМНАТ төлөх биш тээвэрлээд, худалдан авагчдын болон байгууллагын ашиг орсон нийт үнээс Хятад, олон улсын зах зээл дээр байгаа үнийн дүнгээр бодож АМНАТ авдаг. Энэ нь өнгөрсөн жилүүдэд маш ноцтой үр дагавруудад хүргэсэн. Болох ёстой үйл явдлууд болоод, маш их шуугиан дэгдсэн. Үүний үр дүнд хил дээр ямар их тээвэр логистикийн асуудлууд байна, яагаад уурхайн үнэ нэг байхад хилийн урд үнэ гурав болчихдог, яагаад татвараа нэг дүнгээс бус гурав гэсэн хиймэл дүнгээс авдаг, яагаад тээвэр логистикийн зонхицуулж чадаагүй алдааг нүүрсний уурхайнууд үүрч гурав дахин өндөр татвар төлдөг вэ гэдгийг нийтээрээ ойлгодог болсон. Энэ асуудал дээр манай төр засаг, бодлого боловсруулагчид санаачлагатай ажиллаж байна. Гэхдээ шийдэл эцэслэн гараагүй байна. Ялгаагүй л хийсвэр, өндөр дүнгээр татвар төлсөн хэвээр байна.

-Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн арилжигдсан уул уурхайн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Монголын Хөрөнгийн биржийн арилжааны үнийн мэдээллийг үндэслэл тооцож эхэлсэн. Энэ шийдвэр хэр “бай”-гаа оносон гэж бодож байна вэ? 

-Энэ бол урагшаа нэг алхсан дэвшил гэж үзэж байна. Зах зээл дээр бодитойгоор, өрсөлдөөнтэйгөөр, ил тод байдлаар үнэ тогтоно, тэрнээс АМНАТ тооцно гэсэн үг. Гэхдээ бирж дээр төлөөгүй компаниуд яах вэ. Ижил төстэй нүүрстэй уялдуулж, ямар томъёогоор бодох вэ гэдэг асуудлыг даруй шийдэхгүй бол салбарын хувьд эцсийн үр дагавар нь эрүүл бус байх нөхцлийг үүсгэж байгаа юм. Жишээлбэл, муу чанарын нүүрс баяжуулж, боловсруулаад зарахаар өндөр татвар төлөхөөр болчихож байгаа юм. Боловсруулахгүй бол хаяна. Монгол Улс баялгаа хаялгүй иж бүрнээр ашиглах бодлоготой. АМНАТ хэтэрхий өндөр тавьчихаар тэр нь ашиггүй болдог иймэрхүү алдаанууд гардаг. Эцсийн дүндээ төрийн бодлогын эсрэг, компанудыг алдагдалд оруулдаг иймэрхүү асуудлууд үүсдэг тул засаж эрүүлжүүлэх шаардлагатай.

-Нүүрс эрчим хүчний эх үүсвэр. Монгол Улс цахилгаан станц барихад хойд хөрш их саад учруулдаг гэх мэдээлэл бий. Өөр хүчин зүйл байдаг уу? 

-Эрчим хүчний салбарын үйлвэрлэлийн 90 гаруй хувь нүүрсэн дээр тулгуурласан хэвээр байна. Монгол Улс 10 тэрбум квт/цаг цахилгаан эрчим хүч жилд ашигладаг. Үүнээс хоёр тэрбумыг нь гадаадаас авдаг. 2 тэрбумын 0.4 тэрбумыг ОХУ-аас авдаг. 1.7 тэрбумыг нь Хятадаас авдаг. Нүүрсний эх үүсвэр асар их байдаг. Цахилгаан станцаа барьж чаддаггүй. Яагаад гэхээр цахилгаан станцын бизнес Монголд ашиггүй. Яагаад вэ гэвэл цахилгааны үнийг төрөөс барьдаг. Бодит үнээс бага өртгөөр зарж, алдагдлыг төсвөөс нөхдөг. Цахилгаан станцууд нь аргагүй байдалд ороод, нүүрсний үнийг төрөөс хатуу барьдаг. Жишээлбэл, Багануурын хувьд 48 мянган төгрөгөөр олборлоод, 40 мянган төгрөгөөр зарж байна. Шивээ-Овоод 43 мянган төгрөгөөр олборлоод, 40 мянган төгрөгөөр зарж байгаа юм. Өөрсдөө 5 центээр гэсэн хязгаар тавьчихаад, гадаадаас 10 центээр аваад, станц барих мөнгөө алдаад байгаа юм. Энэ бол манай эрчим хүчний салбарт бодож шийдэх ёстой зайлшгүй асуудал.

-Хар алтны экспортод тээвэр логистикийн асуудал юу юунаас илүү чухал. Энэ чиглэлд ямар сайжруулалт хийвэл бид олон сая тонн нүүрс экспортолж чадах вэ? 

-Нүүрс бол тээврийн дэд бүтэц хөгжүүлэх үндсэн шалтгаан болж байна. Ковидын үед, дараа нь хямралын үед төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд маань Гашуунсухайт, Шивээхүрэн дээр маш том бүтээн байгуулалтууд хийсэн. Засгийн газраас боомтын сэргэлтийн хүрээнд төмөр зам дээр маш их ажил хийсэн. Энэ бүхэн бас энэ жилийн нүүрсний экспортын өсөлтөд тодорхой үр нөлөө өгсөн гэж бодож байна. Монгол Улс маань өнгөрсөн зууны хагасаас хойш Болд Төмөр Ерөө голыг эс тооцвол шальтай төмөр зам барьж чадаагүй. Эрчим хүчний нүүрсний эспорт нэмэгдэж байгаа учраас Дорнод, Сүхбаатарын хүрэн нүүрсийг Хятадын зах үзээл дээр нийлүүлэх төмөр замын холболтууд маш яаралтай хэрэгтэй болох байх аа. Энэ тал дээр анхаараасай гэж салбарынхан хүсдэг. Шивээхүрэн, Нарийнсухайтын нүүрсийг Сэхэ боомтоор гаргах ажлууд ид дундаа, хувийн хэвшлийнхэн манлайлаад, маш амжилттай явж байна. Удахгүй ашиглалтад орох байх гэж найдаж байна.

-Нүүрсний салбарын дэд бүтцэд оруулсан хөрөнгө оруулалтыг нөхөх боломж бий юу? 

-Нүүрсний экспортын орлогын өсөлтийг харвал дэд бүтцэд оруулсан хөрөнгө оруулалт нь нөхөгдөнө гэдэг нь харагдаж байгаа юм. Төмөр зам, хил гааль, авто зам байна уу экспортын дэд бүтцээ сайжруулбал нөхөх боломж бий. Маш их ашигтай салбар. Хятад, Орос, Казахстан гээд бүс нутгийн улс орнуудыг харвал дандаа 100-гаас дээш мянган км төмөр замтай. Казахстан гэхэд 51 мянган км төмөр замтай бол Монгол Улс нийлээд 2700 км төмөр замтай байна. Улсын хувьд төмөр зам зайлшгүй шаардлагатай. Эдийн засгаа урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх үндсэн шалтгаан нь нүүрс.

-Уул уурхайн салбар, ялангуяа нүүрсний уурхайнуудын хувьд нөхөн сэргээлтэд ахиц дэвшил гарч байна уу? 

-Нүүрсний уурхай байгаль орчныг гоё болгодог. Яагаад гэвэл Монголын нүүрсний компаниуд нөхөн сэргээлт хийж байна. Нуур цөөрөм байгуулж, мод бут тарьж байна. Нүүрсний уурхай дээр хаягдал ус байдаг. Техник хүчин чадал байдаг. “Тэрбум мод”-ны хүрээнд Монгол Улсын нүүрсний компаниуд бараг 300 сая мод тарих амлалт авсан. “Тавантолгой”, “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”, Гурвантэс сум, Нарийнсухайт дээр үйл ажиллагаа явуулдаг “МАК” компанийн байгуулсан байгууламжууд байна. Нүүрсний уурхай бол өөрөө баян бүрд юм. Энэ баян бүрдийг ажиллуулахын тулд уурхайн хаягдлыг бордоо болгодог туршлагыг манай өмнөд хөршийнхөн маш сайн нэвтрүүлж байна. Үүнийг манай нүүрсний салбарынхан дэмжээд нэвтрүүлэх хэрэгтэй юм.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу