Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах ТББ-аас Засгийн газарт есдүгээр сарын 29-нд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд тулгарч буй асуудлыг яаралтай шийдвэрлэх” талаар шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байгаа аж. Улмаар Төрийн ордны баруун хаалганд цугларч хэвтээгээр эсэргүүцлээ илэрхийлж эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад хүргүүлсэн шаардлага нь 14 заалттай. ХБИ-ийн тулгарч буй асуудлыг шийдэх шийдлийн саналуудыг тусгасан аж.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл:

-Шаардлагын хариуг энэ сарын 10-ны дотор өгөөч ээ гэж тусгасан боловч хугацаандаа хариу өгөөгүй. Бид шийдэл санал болгосон ч тэр шийдлийг маань хүлээж аваад хариу өгөхгүй байгаа учраас ХБИ-ийн асуудлыг шийдэх сонирхолгүй байна гэж үзсэн. 

Өнөөдрөөс ХБИ-ийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтай хамтран МУ-ын Ерөнхий сайдыг огцруулах шаардлага тавьж байна. Ажил хийдэггүй, асуудал шийддэггүй сайд огцрох хэрэгтэй.

Огцрох хүртэл энд хэвтье. Яагаад бид хэвтэж байна вэ гэхээр ард түмний амьдрал өнөөдөр элгээрээ хэвтсэн байна, хэвттэл нь ядраасан байна. Энэ Засгийн газар огцроод өгвөл бидний амьдрал хоёр хөл дээрээ босох гээд байна.

Ерөнхий сайд маань ард түмэнтэйгээ хамт тэмцэнэ гэдэг. Одоо гарч ирээд хамт тэмцээч ээ, асуудлыг шийдээд өгөөч ээ. Огцормооргүй байдаг бол бидэнтэй гарч ирээд уулз. Асуудлыг сонс. Ажлаа хий.

Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн тэтгэвэр хамгийн бага нь байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн тэтгэврийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болгож нэмэгдүүлж өгөхийг шаардаж байна. Өнгөрсөн долоодугаар сард тэтгэвэр тэтгэмжийн нэмэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийг 37-хон мянган төгрөгөөр нэмсэн. Биднийг ялгаварлан гадуурхаж байна гэж харж байна” хэмээн ярилаа

Хэвтээ эсэргүүцэл өрнүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд “Төрийн өндөрлөгүүдийг гарч ирж уулзах хүртэл эсэргүүцлээ зогсоохгүй” хэмээн мэдэгдсэн юм. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу