Нийслэл даяар өнөөдөр /2023.10.12/ өглөөнөөс эхлэн угаар, газын үнэр тархсан. Үүний шалтгаан Налайх дүүрэг дэх төмрийн үйлдвэрт газ дэлбэрснээс болсон гэх мэдээлэл цахим сүлжээнд тархаад буй.

Энэ асуудалд Шадар сайд С.Амарсайхан “Өчигдөр газ дэлбэрсэн гэх дуудлага Онцгой байдлын байгууллагад ирээгүй” гэсэн бол ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатар “Төмөрлөгийн үйлдвэрт газын систем дэлбэрсэн гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн” хэмээн мэдэгдсэн юм. /Х.Нямбаатарын яриаг энд дарж үзнэ үү/

Уг асуудалтай холбогдуулан ЦЕГ-аас дараах мэдээллийг өглөө.

Тодруулбал, “Олон нийтийн цахим сүлжээнд Налайх дүүрэгт төмрийн үйлдвэр, газ дэлбэрч тухайн үнэр нь Улаанбаатар хотод үнэртэж байгаа тухай олныг төөрөгдүүлсэн мэдээ, мэдээлэл нийтлэгдэж байна.

Тус мэдээллийг тодруулахад Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст энэ оны есдүгээр сарын 25-ны өдрийн 17 цаг 35 минутад “Баллонтой газ дэлбэрч, хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гадаадын хөрөнгө оруулалттай “Ш” компанийн төмрийн үйлдвэрт ажилтан “С” нь багажаар төмөр тасдаж байхад газын баллоноос хий алдан дэлбэрч, амь хохирсон харамсалтай хэрэгт хөдөлмөр, аюулгүй байдлын журам зөрчигдсөн эсэхийг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Өнөөдрийн үүссэн нөхцөл байдалтай холбоотой энэ оны аравдугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 55 минутад Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Газ үнэртээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, мэргэжлийн байгууллагуудаас хамтран шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна.

Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллага ахуйн хий буюу газ ашиглах үед хөдөлмөр, аюулгүй ажиллагааны журам, зааварчилгаа, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг чанд мөрдөж хэвшихийг зөвлөж байна” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу