Нийслэлд тархсан үнэртэй холбоотой асуудлаар Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлэл өгч байна.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэлийн нутаг дэвсгэрт хий, газ үнэртэж байгаа талаар мэдээлэл цахим сүлжээнд цацагдаж, олон хүнд буруу ойлголт өглөө. Тиймээс албаныхан үнэн зөв мэдээлэл өгөхийг Шадар сайд үүрэг болгосон. Энэ дагуу хэвлэлийн хурал хийж байна.

Аравдугаар сарын 11-ний 23.00 цагаас 12-ны 12.00 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор орчмоос эхлэн Улиастай, Дүнжингарав, Их Монгол хоролол, 100 айл, 120 мянгат, 19 үйлчилгээний төв, Алтай хотхон, Хархорин зэрэг газруудад газ үнэртээд байна гэх 230 орчим дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.  

Налайх дүүрэгт төмрийн үйлдвэр дэлбэрсэн талаар дуудлага мэргэжлийн байгууллагад ирээгүй. Өөрөөр хэлбэл, ташаа мэдээлэл гэсэн үг. “Тавантолгой түлш”-ийн зүүн бүсийн үйлдвэрийн ажиллагаа хэвийн, шинэ туршилт хийгээгүй. 

Ямартай ч энэ бол газ биш. Учир нь газ агаарт удаан тогтож, үнэртэх боломжгүй. Баянзүрх дүүргийн хэмжээнд газын 14 колонк, нэг агуулахад үзлэг, шалгалт хийхэд зөрчил илрээгүй.

Харин Дүнжингарав орчимд 800 мм-ийн гүнтэй бохирын шугамаас хүчтэй үнэр үнэртсэн. Үнэрийг багажаар үзэхэд ажилласан тос масло шугамд нийлүүлсэн байж болзошгүй нөхцөл тогтоогдсон.  Улмаар Налайхаас Дүнжингарав хүртэлх бохирын шугамуудыг шалгаж байна.  Хонхор орчимд байрлах “Очир дагинас” ХХК-ийн ойролцоох шугамаас үнэр ялгарч байгааг тогтоон албаныхан ажиллаж байна.

Хан-Уул дүүргийн 20-р хороо Эрүүл мэндийн төв орчмын дулааны худагт бензин масло шиг зүйл урсаад байна гэсэн мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу шалгаж үзэхэд “Делта сервис” ХХК моторын тос угаасан угаадсаа асгасан байсан. Үүнийг нь цэвэрлүүлж байна.

Хонхорын “Сод Монгол” ШТС орчимд хий алдагдсан байж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу байгаль орчны хоёр байцаагч шалгалтын ажлыг явуулж байна. Өнөөдөр 17:00 цагийн байдлаар нийслэлийн түргэн тусламжийн төвд газ болон угаарын хийд хордсон талаар мэдээлэл бүртгэгдээгүй.

ОБЕГ, НОБГ, Үндэсний аврах бригадын химийн бүлэг Дүнжингарав орчмоор ажиллаж байна. Дүгнэлт эцсийн байдлаар гараагүй байна. Гарсан даруйд мэдээлэл хүргэх болно” гэлээ. 

Шалгалтын ажиллагаа дууссаны дараа гарсан дүгнэлтийн талаар эргэн мэдээлэх болно.

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ:

             

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу