Монгол Улсын хувьд ирээдүйн металл хэмээн үнэлэгдэж буй зэсийн хамгийн том төсөл бол “Оюу толгой”. Энэ төсөл эдийн засгийг үр ашгаараа тэтгээд зогсохгүй эрдэм мэдлэгийг ч хамт бүтээлцэж, монгол уурхайчдын ур чадвар, авхаалж самбаа, үнэ цэнийг бүтээлцэж байна.

Өрсөлдөх чадвартай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гүний уурхайн боловсон хүчнийг бэлтгэж, мэдлэгийн экспорт хийх тэрхүү боломжийг бүрдүүлж эхэлсэн гэж хэлж болно. Энэ нь хоёр дахь удаагийн “Mining Week”-ийн чухал сэдэв байлаа.

“Оюутолгой” төсөл газрын гадаргаас доош 1300 метрийн гүнд нүсэр бүтээн байгуулалтыг цогцлоосон. Манай улс төдийгүй дэлхийд ховорт тооцогдох томоохон гүний уурхайнуудын нэг нь “Оюутолгой” болж, тогтвортой үйлдвэрлэлд шилжсэн. Блокчлон олборлох технологи, аргачлалыг нэвтрүүлсэн, манай улсад урьд өмнө байгаагүй олон улсын гүний уурхайн стандартуудыг шинээр нэвтрүүлсэн гээд тодотгох, тодруулах зүйл ихтэй. Үүний цаана хүний хөгжил яригдана.

Оюутолгой нь гүний уурхайн чиглэлээр олон улсын түвшинд мэргэших, мэргэжлийн уул уурхайг хөгжүүлэх, өндөр түвшний гүний уурхай хөгжих боломжийг бий болгох эхлэл цэг юм. Өнөөдөр Оюутолгойд ажиллаж байгаа олон залуус Австрали, Америк, Канад, Англи тэргүүтэй уул уурхай өндөр түвшинд хөгжсөн орнуудад уригдан ажиллах, ажлын санал хүлээн авах нь нэмэгдэж байна. Шинээр суралцах оюутнуудад ч гүний уурхайгаар дагнах, илүү мэргэших боломж бүрдэнэ.

Оюутолгойн гүний уурхай нь цахилгаан тоног төхөөрөмж ашиглах, дижитал шилжилт рүү хөрвөх, уурхайн аюулгүй үйл ажиллагааг эрхэмлэн ухаалаг технологи, шинэ ололтыг нэвтрүүлэхээр зорьж байна. Дэлхийд төдийгүй Монгол Улсад ашигт малтмал газрын гадаргад буюу гүехэн илрэх нь ховордож, уул уурхайн хөгжлийн дараагийн ирээдүй газрын гүн дэх биет, далд уурхайд тулгуурлах нь улам бүр тодорхой болж байна. Энэ нь гүний уурхайд ажиллах боловсон хүчний эрэлт хэрэгцээг үлэмж нэмэгдүүлэхээр байна. Эдгээрийг “Далд уурхайн симпозиум” бага хурлаар ийнхүү хэлэлцлээ.

Улсын хэмжээнд тусгай зөвшөөрөлтэй 39 далд уурхайд олборлолт явуулж байна. Ашигт малтмалын төрлөөр нь авч үзвэл хайлуур жонш хамгийн их тоотой байгаа бол алт удаалж, холимог металл, гянтболд, зэс орж байна.

Далд аргаар ашиглах 49, ил болон далд аргаар ашиглах боломжтой 16 уурхайн ТЭЗҮ-г Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээн авчээ. Шинэ төсөл гэвэл “Зүүн цагаан дэл”-ийн хайлуур жоншны гүний уурхай энэ өдөр өөрсдийн мэдээллээ хөрөнгө оруулагчдад хүргэлээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу