DOBU.mn сайт аймгуудын Засаг дарга нарын талаарх мэдээллийг цувралаар бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаад бид Дорнод аймгийн Засаг дарга Мягмарсүрэнгийн Бадамсүрэнг онцолж байна.

Дорнод нутагт “ноён” суух гэж улаан цагаандаа гарч явсан хүн бол М.Бадамсүрэн. 2012 онд Дорнод аймгаас нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон Н.Номтойбаяр аймгийнхаа Засаг даргад М.Бадамсүрэнг зүтгүүлж байв. Тэр гишүүн болохдоо л “Чамайг Дорнодын Засаг дарга болгоно” гэж хэлээд явсан гэдэг. Учир нь М.Бадамсүрэн “МАК”-д ажиллаж байсан аж.

Тэр цагаас эхэлж Н.Номтойбаярын гарын хүн болсон байгаа юм. Нөгөө талаас “МАК” Дорнодод алтны хайгуулын хэд хэдэн лицензтэй учир Н.Номтойбаяр өөрийн хүнээ томилсон гэх яриа ч бий. 

Ямартай ч ийм холбоо сүлбээгээр тэд холбогдож, Н.Номтойбаяр М.Бадамсүрэнгээ Дорнодын Засаг дарга болгох гэж гурван удаа зүтгүүлсэн. Гэвч тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг “М.Бадамсүрэн төрийн албанд гурван жил ажиллаагүй, шатахуун түгээгүүрийн станцад түгээгч хийж байсан” хэмээж, батламжилж өгөхгүй эсэргүүцсээр байв.

Үүнд М.Бадамсүрэн ч, Н.Номтойбаяр ч уурсаж, Н.Алтанхуягийг шүүхэд өгч байсан. Гэвч эцэст нь аудитын дүгнэлтээр М.Бадамсүрэн төрд биш, хувьд ажиллаж байсныг тогтоосон байдаг.

М.Бадамсүрэн өөрийгөө дээд боловсролтой, төрийн албанд зургаан жил есөн сар ажилласан хэмээн зарлаж байсан ч худлаа ярьсан нь илэрсэн юм. 

Түүний боловсрол, ажлын туршлагыг харвал 1996-2000 онд ТИС-ийг нефтийн инженер мэргэжлээр төгссөн. 2001-2002 онд ШТС-ын түгээгч хийж байгаад, 2009 оноос Дорнод аймгийн МАХН-ын хорооны дэд даргын албан тушаалыг хашаад эхэлсэн байгаа юм.

Н.Алтанхуягийн үед аймагтаа эзэн сууж чадаагүй тэр сүүлд Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болсны дараа дахин зүтгэж, 2015 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр батламжлуулсан.

М.Бадамсүрэн аймгийн Засаг дарга болох гэж  ингэж хөгөө чирсэн. Түүний улайран зүтгэсэн нь ч амжилттай болж, түүнээс хойш өнөөдрийг хүртэл найман жил Засаг даргаар ажиллаж байна.

Гэхдээ Засаг дарга болсон ч түүний зовлон дуусаагүй. 2022 онд Засгийн газрын хуралдаанаас М.Бадамсүрэнд “Боомтын сэргэлтийн дэд бүтцийн төслийг удаашруулсан” гэдэг үндэслэлээр сануулах арга хэмжээ авсан байдаг.

Алдаагаа засахгүй бол огцруулна гэсэн үг. Ингэж сануулга авснаасаа хойш тэр нэр холбогдсон бүхэндээ бушуухан гарч ирээд, тайлбар тавьдаг болсон. 

Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг харвал, 2018 онд өөрийн орлогоо 85 сая 890 мянган төгрөг, гэр бүлийн гишүүдийнхээ орлогыг 9 сая 200 мянган төгрөг гэж мэдүүлж байж.

2022 онд өөрийн орлого нь 50 сая 379 мянга болж буурсан бол гэр бүлийн гишүүдийнх нь орлого 85 сая 803 мянган төгрөг хүрч, 76 сая 603 мянгаар өссөн байгаа юм. 

Тэрбээр 149 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууц, нэг хашаа байшинтай. 33 сая төгрөгийн жийп машинтай. 75 адуу, 15 үхэр, хурдан удмын 20 адуутай. 45 сая 760 мянган төгрөгөөр үнэлэгдэх газартай ажээ. 

Нэр нөлөө бүхий аавын хүүгийн хормойноос чанга гэгч нь зуурч, шатахуун түгээх станцын түгээгчээс аймгийн Засаг дарга болтлоо томорсон ийм нэг хүн Дорнодод байна. 

Түүний намтар маш товч. Тодруулбал, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын албан ёсны цахим хуудаст түүний намтрыг дараах байдлаар байршуулжээ.

  • Нефть ба хийн хадгалалт тээвэрлэлт, Төрийн захиргааны менежер мэргэжилтэй.
  • Ажилласан байдал: 2009-2012 онд аймгийн Монгол Ардын Хувьсгалт намын хорооны дэд дарга
  • 2012-2014 онд Монгол Ардын Хувьсгалт намын хорооны дарга
  • 2014-2015 онд Дорнод аймгийн Засаг даргын орлогч
  • 2015 оноос одоог хүртэл Дорнод аймгийн Засаг даргаар ажиллаж байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу