Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй Елисейн ордонд хийсэн хэвлэлийн бага хурал дээр “Парис зүүн нутгаас уран нийлүүлэх төлөвлөгөөтэй тул Франц, Монгол хоёр улс аюулгүй байдлын чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр төлөвлөж байна” гэж мэдэгдэв.

Макрон “Бид Монгол Улсын дотоод аюулгүй байдлыг хангахын тулд мөнгө шилжүүлэх бодолтой байна” гэж хэлээд, сүүлийн жилүүдэд Парис, Улаанбаатар хотууд иргэний аюулгүй байдлын чиглэлээр үр дүнтэй хамтын ажиллагаагаа өрнүүлж байгааг тэмдэглэлээ.

Мөн тэрбээр “Тоног төхөөрөмж нийлүүлж, сургалт зохион байгуулж эхэлснээр бид хамтын ажиллагаагаа шинэ гэрээ хэлэлцээрээр, шинэ шатанд хүргэх болно” гэж нэмж хэлэв.

Францын компаниуд “Монгол Улсын хилийн аюулгүй байдлыг хангахад туслах” зорилготой байна. Францын Ерөнхийлөгч “Хиймэл дагуулын төслөөр дамжуулан монголчуудыг бэхжүүлэх” төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн ч гэрээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.

Түүнчлэн Макрон Монгол Улсад хүнс, эрчим хүчний аюулгүй байдлаа хангахад туслахаа амалсан. Тэрбээр “Францын хөгжлийн агентлаг Монгол Улсад дахин хөрөнгө оруулалт хийж, ирэх долоо хоногт сэргээгдэх эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хүрээнд төлөөлөгчийн газраа байгуулна” гэж амлаад, “Парис бусад түншүүдээ үүнд татан оролцуулахыг хичээх болно” гэжээ.

Францын Ерөнхийлөгч “Орано” компанийн оролцоотойгоор Монголд ураны орд ашиглах, геологи хайгуулын салбарт хамтран ажиллах гэрээнүүд байгуулснаа зарласнаар олон салбарт аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах тухай ийм мэдэгдлүүдийг урьдчилж хийсэн юм.

Түүний хэлснээр, байгаль орчныг хамгаалах стандартыг чанд мөрдөж үйл ажиллагаа явуулах аж. “Орано”-гийн мэдэгдэлд дурдсанаар, энэ нь Монголын баруун өмнөд хэсэгт орших Зөөвч-Овоо ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний өмнөх протокол юм байна.

Францын удирдагчийн засаг захиргаанаас “Хөрөнгө оруулалтын гэрээг энэ оны сүүлээр байгуулна” гэж мэдээлэв.

Ухнаагийн Хүрэлсүхийн хувьд Франц улстай хамтын ажиллагаа, тэр дундаа бизнесийн харилцаа, хөрөнгө оруулалтыг бэхжүүлэх замаар хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв.

Энэ удаагийн айлчлал нь “Стратегийн томоохон төсөл”-ийг хэрэгжүүлэх, “эдийн засгийн давуу эрх бүхий хамтын ажиллагааг бэхжүүлэхэд” эерэг хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаа ажээ.

У.Хүрэлсүх “Монгол Улс Франц Улсыг Европ дахь гуравдагч хөрш, найдвартай түнш гэж үздэг” гэж онцлон тэмдэглэв. Тэрбээр Франц улс Нант хотын түүхийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг зохион байгуулсанд талархаж байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн Лхагва гарагт Версалийн ордны Хааны дуурийн театрт анх удаа Монголын симфони найрал хөгжмийн тоглолт болсон талаар мэдээллээ.

1.7 тэрбум долларын төсөл

Төрийн өмчит “Мон-Атом” компани 34 хувь, “Орано Майнинг” 66 хувийг нь эзэмшдэг “Бадрах энержи” хамтарсан компани өнгөрсөн онд Зөөвч-Овоо ордоос ISR аргаар уран олборлох туршилтыг амжилттай гүйцэтгэсэн. Улмаар тус компанийн лицензүүдийн нөөцийг бүртгэснээр Монгол Улс ураны нөөцөөр дэлхийд 12 дугаарт бичигдэх болсон билээ.

Одоогийн байдлаар Зөөвч-Овоо төслийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулагдаж буй юм.

“Орано Майнинг”-ийн ерөнхийлөгч Кзавье Сан-Мартан-Тие 40 орчим жил үргэлжлэх тус төсөлд нийт 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайгаас гадна Монгол Улсад нэг тэрбум гаруй ам.долларын татвар төлөх тооцоотойг онцолж байлаа.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарын мэдээлснээр, төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хувь эзэмшлийн тал дээр “Оюутолгой” шиг гэрээ хийх үү, эсвэл АМНАТ-өө өндрөөр тогтоох уу гэсэн хувилбарууд яригдаж байгаа аж. Түүнчлэн Францын талаас 10 хувийн “Алтан хувьцаа” эзэмшүүлэх санал тавьсныг дурдаж байв.

Өнөөдрийн байдлаар Францын 66 компани Монгол Улсад бүртгэлтэй байгаа бөгөөд тэдний хөрөнгө оруулалтын 80 орчим хувь нь уул уурхайн салбарт хийгджээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын хүрээнд Монгол-Францын Бизнес форум зохион байгуулагдаж, Францын талаас “Orano Mining”, “Airbus”, “Thales”, “Dassault Systèmes”, “Poma” зэрэг томоохон компаниуд үйл ажиллагаагаа танилцуулсан байна.

Түүнчлэн Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, хамтарсан мэдэгдэл хийхдээ “Эрчим хүч болон хүнсний бие даасан байдал нь аливаа улсын оршин тогтнох гол үндэс билээ. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Францын хөгжлийн агентлаг Монгол Улсад дараагийн ээлжийн хөрөнгө оруулалтаа хийхээр төлөвлөөд байна” гэж онцолжээ.

 Эх сурвалж: TASS, AFP, CHALLENGES
Д.ЭРДЭНЭТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу