Хан-Уул дүүрэгт байрлах ерөнхий боловсролын 18 дугаар дунд сургуулийн сурагчид дахин хордож, эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, одоогоос нэг сарын өмнө буюу есдүгээр сарын 21-нд “Монгол бизнес” дээд сургуулийн байранд хичээллэж байсан 18 дугаар сургуулийн 6в ангийн 20 орчим сурагч хордлогод орж, эмнэлэгт хүргэгдсэн билээ.

Тухайн үед хүүхдүүд бөөлжиж суулгасан, анамнез илэрсэн талаар албаныхан мэдээлж байв. Улмаар шинжилгээний хариу гартал түрээсийн байранд бус, сургуулийн төв байранд хүүхдүүдийг хичээллүүлэхээр болсон юм.

Хичээллэх ангийг сольсон ч 6в ангийн 15 хүүхэд өчигдөр дахин хордлогод орж, эмнэлэгт хүргэгджээ. Тэдний дөрөв нь хэвтэн эмчлүүлж, үлдсэнийг нь эцэг, эхийн хяналтад хүлээлгэн өгсөн байна.

Хүүхдүүдийн заримд нь гараа атгаж чадахгүй, хөл нь суларч, гишгэж чадахгүй, дотор нь муухайрч, бөөлжих шинж тэмдэг илэрчээ.

18 дугаар сургууль нийт 3331 сурагчтай. 6-8 дугаар ангийн 721 хүүхэд нь “Монгол бизнес” дээд сургуулийн түрээсийн байранд хичээллэдэг.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу